Фужоу хотын эрх баригчид бүх нийтийг шинжилгээнд хамруулна гэж зарласныхаа төлөө уучлалт гуйжээ
2023-01-26

Цар тахал эхэлснээс хойш гурван жил орчмын хугацаанд хатуу хязгаарлалтан дунд амьдарсан хятадууд өнгөрсөн оны сүүлээр олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дараа Хятадын эрх баригчид "тэг ковид" бодлогоо цуцалсан юм. Ингэснээр өмнө нь авч хэрэгжүүлдэг байсан арга хэмжээнүүд, тэр дундаа муж, хот, сууринд цөөн халдвар илрэхэд бүх нийтийг шинжилгээнд хамруулах, хатуу хөл хорио тавих журмуудыг цуцалж байв. 

 

Харин энэ долоо хоногт Хятадын Жянси мужийн Фужоу хотын Дунсян дүүрэгт бүх нийтийг шинжилгээнд хамруулах зар тараажээ. Хятадын WeChat сүлжээнд коронавирусийн шинжилгээнд олон нийтийг хамруулах зар нийтлэгдсэний дараа хотын оршин суугчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан байна. 

 

2022 оны 12 дугаар сараас хойш энэ улсад бүх нийтийг шинжилгээнд албан журмаар хамруулсан тохиолдол гараагүй бөгөөд энэ удаад Фожоу хотын Дунсян дүүрэгт олон нийтийг шинжилгээнд хамруулах зар тараасан нь дахин хатуу хөл хорио тавих нь гэсэн болгоомжлолыг төрүүлжээ. Дунсян дүүргийн эрх баригчид энэ зараа удалгүй устгаж, иргэдийг бухимдуулсандаа уучлалт гуйсан байна. 

 

Дүүргийн захиргааны мэдэгдсэнээр, шинжилгээ нь сайн дурынх бөгөөд баярын үеэр дотооддоо аялаад эргэн ирсэн хүмүүсийн дунд коронавирусийн халдвартай хүн байгаа эсэхийг илрүүлэхэд энэ шинжилгээ чухал гэнэ. Дунсян дүүрэгт 450 мянган хүн амьдардаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин