Коран судар шатаасан улс төрч Эрдоганыг заналхийлжээ
2023-01-27

Стокгольм хотноо Туркийн Элчин сайдын яамны гадаа Коран судар шатаасан улс төрч Расмус Палудан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг сүрдүүлжээ. Энэ талаар  Aftonbladet хэвлэл мэдээлсэн байна. 

 

Швед улс НАТО-ийн гишүүн болох хүртэл төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар байна хэмээн Палудан мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр шинэ экстремист арга хэмжээ явуулах эсэх нь Шведийг Хойд Атлантын эвсэлд "оруулахыг хүсэхгүй" байгаа Эрдоганаас шууд хамаарна хэмээн онцолсон байна. Туркийн Ерөнхийлөгч Шведийг НАТО-д элсэх тал дээр сайн алхам хийвэл "Туркийн Элчин сайдын яамны өмнө дахин хэзээ ч Коран судар шатаахгүй" хэмээн Расмус Палудан мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 21-ний өдөр Стокгольм хотноо Расмус Палудан Коран судар шатаасан юм. Энэ арга хэмжээг зохион байгуулахдаа тэрбээр орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авч, цагдаагийн хяналтан дор явуулсан нь Туркийн дургүйцлийг төрүүлж, улмаар Режеп Тайип Эрдоган Шведийг эрс шүүмжилж, НАТО-д элсэх хүсэлтийг нь дэмжихгүй хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин