Талибууд хувийн их дээд сургуулиудыг эмэгтэй оюутан элсүүлэхийг хоригложээ
2023-01-30

Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн боомилсон шийдвэр гаргасаар байгаа юм. Төрийн эрхэнд гарсан даруйдаа охидын сургуулийг хааж, эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглож, эмэгтэй оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх шийдвэр гаргаж байсан  талибууд энэ удаад хувийн сургуулиудыг эмэгтэй оюутан элсүүлэхийг хоригложээ.

 

Тодруулбал, эмэгтэйчүүдийг элсэлтийн шалгалтад оруулахыг Афганистаны хувийн их дээд сургуулиудад хориглосон шийдвэрийг Боловсролын яам гаргасан байна. Энэ журмыг зөрчвөл шүүхэд дуудагдана хэмээн анхааруулсан талаар Медуза хэвлэл мэдээлжээ. Афганистанд төрийн өмчийн 40, хувийн өмчийн 150 их дээд сургууль байдаг аж. Хамгийн ойрын элсэлтийн шалгалт хоёрдугаар сарын сүүлээр болох юм байна. 

 

Өмнө нь, 2022 оны 12 дугаар сард Афганистанд эмэгтэй оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх шийдвэр гарч байлаа. Түүнчлэн эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглож байв. Үүний улмаас НҮБ Афганистан дахь хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийнхээ нэг хэсгийг зогсоож байсан юм.

 

Г.бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин