Иран дахь Азербайжаны Элчин сайдын яам үйл ажиллагаагаа зогсоов
2023-01-30

Нэгдүгээр сарын 27-ны өдрийн халдлагын дараа Иран дахь Азербайжаны Элчин сайдын яам үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор болжээ. Энэ талаар Азербайжаны Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тегеран дахь Азербайжаны Элчин сайдын яамны бүх ажилтан нэгдүгээр сарын 30-ны өдөр Бакуд эргэн иржээ. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон тэдний гэр бүл гээд 53 хүн эх орондоо эргэн ирсний дотор өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын улмаас шархадсан хоёр хамгаалагч ч багтаж байгаа аж. Тэд Баку хотноо эмчилгээгээ үргэлжлүүлэх бол халдлагын улмаас амиа алдсан Аюулгүй байдлын албаны дарга Орхан Аскеровын цогцосыг ч мөн онгоцоор авчиржээ.

 

Тегеран дахь Элчин сайдын яаманд таван хүн үлдсэн, тэд захиргааны барилга болон өмч хөрөнгийг хамгаална, харин дипломат үйл ажиллагаа эрхлэхгүй аж. 

 

"Манай элчин сайдын яаманд ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр бидэнд итгэл, үнэмшил үлдсэнгүй гэдгийг Ираны талд бид анхааруулсан. Иранд манай улсын олон иргэн бий. Тэдэнд тусламж шаардлагатай бол Тебриз дэх Ерөнхий консулын газарт хандаж болно" гэж Азербайжаны Гадаад хэргийн дэд сайд Халаф Халафов мэдэгджээ. 

 

Ийнхүү Азербайжан Элчин сайдын яамаа бүхэлд нь эгүүлэн татах болсон нь нэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан халдлагатай холбоотой. Энэ өдөр Азербайжаны Элчин сайдын яам руу халдсаны улмаас дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй албаны дарга амиа алдаж, өөр хоёр хамгаалагч шархадсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин