Францад тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалд 2,8 сая хүн оролцжээ
2023-02-01

Францад тэтгэврийн насыг өөрчлөх төсөл боловсруулсныг иргэд нь эсэргүүцэж, орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Өдрөөс өдөрт жагсаалд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар Франс Пресс агентлаг мэдээлжээ.

 

Мягмар гарагт болсон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалд 2,8 сая хүн оролцсон гэж "Хөдөлмөрийн бүх нийтийн холбоо" үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн байна. Харин Францын Дотоод хэргийн яам оролцогчдын тоог хоёр дахин бага буюу 1,2 сая хүн оролцсон гэж мэдээлжээ. 

 

Өнгөрсөн сарын 19-ний өдөр болсон жагсаалд оролцогчдоос хавьгүй их хүн мягмар гарагт цугларсан гэж Францын хэвлэлүүд онцолсон байна. Нэгдүгээр сарын 19-ний жагсаалд хоёр сая хүн оролцсон гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдээлсэн бол эрх баригчид нэг сая хүн оролцсон гэж мэдээлж байв.

 

Ийнхүү олон сая хүн эсэргүүцэлд нэгдэх болсон нь Засгийн газрын боловсруулсан тэтгэврийн шинэчлэлийн төсөлтэй холбоотой юм. Францын Ерөнхий сайд Элизабет Борн Засгийн газрын боловсруулсан, тэтгэврийн шинэчлэлийн төслийг нэгдүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан бөгөөд энэ төсөлд тэтгэврийн нас 62 байсныг 64 болгон өөрчлөхөөр тусгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин