Алексей Резниковыг Украины Батлан хамгаалахын сайдын суудлаас чөлөөлнө
2023-02-06

Украинд сүүлийн үед төрийн албанд ихээхэн халаа сэлгээ хийж байгаа юм. Энэ удаад Батлан хамгаалахын сайдыг чөлөөлнө гэж Украины хэвлэлүүд холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Тодруулбал, энэ долоо хоногт Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Будановыг томилж магадгүй гэнэ. Энэ талаарх мэдээллийг Украины Ерөнхийлөгчийн захиргаа, засгийн газар, хүчний байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. 

 

Резников үүрэгт ажлаа өгсний дараа өөр удирдах албанд томилогдож магадгүй аж. Өнөөгийн Хуульзүйн сайд Денис Мальюскаг Европын аль нэг орон руу элчин сайдаар томилж, түүний оронд Алексей Резниковыг томилж магадгүй гэж Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Өдгөө 56 настай Алексей Резников 2021 оны 11 дүгээр сарын дөрөвний өдрөөс эхлэн Украины Батлан хамгаалахын сайдын алба хашиж байгаа. Тэрбээр Украинд Барууны цэргийн тусламжийг нийлүүлэх, зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин