Дэлхий нийтийн 80 хувь нь Гэрлийн бохирдолд өртдөг
2023-02-06

Бидний мэддэгээр бол бохирдол гэх үгийг Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, орчны бохирдол зэрэг холбооснуудаар л ойлгодог байсан.  Өдөр тутмын амьдралд хамгийн их тохиолддог хэр нь анзаардаггүй дуу чимээний бохирдлын талаар өмнө нь ерөнхий мэдээлэл хүргэж байсан билээ. Энэ удаад олон улсын нэршил нь "light pollution" буюу гэрлийн бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээллийг хүргэж байна. 


Бидний өдөр тутмын амьдралд гэрэл бол хамгийн чухал зүйлсүүдийн нэг билээ. Хүн төрөлхтөний хувьд нараар баримжаалж бүхий л ажлаа амжуулж, хөдөлмөрлөдөг байсан бол одоо үед цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар өөрийн хүссэн цагт, хүссэн зүйлээ хийх боломжийг олгодог болсон билээ. 

 


Бидний амьдралд хамгийн ойр байдаг хэр нь хүмүүсийн тэр болгон сонсож байгаагүй бохирдлын нэг бол Light pollution буюу гэрлийн бохирдол юм. Гэрлийн бохирдол нь ихэвчлэн суурин том хотууд үүсдэг байна. 


Гэрлийн бохирдол бидний амьдралд


Найман жилийн өмнө дэлхий даяар хийсэн нэгэн судалгаагаар бүс нутгаасаа хамааран гэрлийн бохирдол хаа сайгүй жилд 20 хувиар өсөж байна гэх тооцоолол гарсан. Гэрэл хямдхан болж, гэрлийн шинэ технологиуд нэвтэрснээс үүдэн маш их гэрлийг бид зохистой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж байна. 


Бид өдөрт гэрлийг зохист хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэдэг. Шөнөдөө хэт их гэрэл асаан, хэрэглээг нэмэгдүүлэх нь мелатонин гормоны үйл ажиллагааг бууруулдаг. Энэхүү гормон дутагдсанаар нойргүйдэх, ядрах, толгой өвдөх, стресстэх, сэтгэлийн түгшүүртэй болох зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг байна. 


Судлаачдын зөвлөснөөр хүний нүд хурц гэрэлтэйд сайн харах зориулалттай биш, харин дүрсний ялгарал (контраст)-аар сайн харах чадвартай тул шөнийн цагаар бага гэрэлтүүлэгтэй орчинд байх нь нүдний хараанд сайнаар нөлөөлнө хэмээн үздэг аж. 

 


Гэрлийн бохирдол хүн төрөлхтөн төдийгүй амьтдад хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг

 

Хотжилтоос үүдэлтэй гэрэлтүүлэг нь хотын ойр орчимд амьдарч буй амьтад, шавжуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, үржлийн цагуудад нь өөрчлөлт оруулж, эрсдэл дагуулдаг юм. Үүнээс үүдэн амьтад дайжин илүү харанхуй, бүрэнхий газар руу нүүдэллэн шилждэг.  Түүгээр ч зогсохгүй шөнөөр нүүдэллэдэг шувууд их хотын гэрэлд араншин нь их хурц болдог байна.

 

Хэт их гэрэлтүүлгээс болж явах замаа мэдэхгүй эргэлзээнд орж байгаа амьтад цөөнгүй байдаг. Сээр нуруутан амьтдын 30 хувь, сээр нуруугүй амьтдын 60 хувь нь шөнийн амьдралынхаа хэмнэлийг алдчихсан байгаа гэдгийг АНУ ан амьтан судлал үндэсний хүрээлэнгээс судалгаа гаргажээ. 

 

Мөн хиймэл гэрэл үр тарианы тоос хүртээх үйл явцыг саатуулдаг байна. Учир нь шавжнууд шөнөөр ургамлын тоос тараадаг бөгөөд гэрлийн тусгалаас болж амжилтгүй болдог байна. 

 

Олон улсын сайн жишиг 

 

Хэдэн жилийн өмнө АНУ улс хэрэгцээгүй гэрэл гаргаснаас болж хүлэмжийн хийн ялгарал 150 мянга гаруй тонн хэмжээнд хүрчээ. Хэрвээ энэхүү ялгарал нь гарахгүй, ашиггүй асаасан олон гэрлийг үр ашигтай зохицуулсан бол жилдээ 750 мянган айлыг цахилгаанаар хангах хэмжээний ашигтай байсан байна. 

 

Ингээд тус улс нийт эрчим хүчинд зарцуулж буй төсвийг бууруулж болохоор тийм их хэмжээний зардлыг гэрлийн бохирдлоос үүдэн бий болгож байгаа тухай судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаанаас үндэслэн АНУ улс үр ашиггүй гэрлийн бохирдлыг хэрхэн бууруулах тал дээр олон дүрэм журмыг баталсан байна. Уг журманд: Шөнийн нэг цагаас өглөөний зургаан цаг хүртэл дэлгүүрүүдийн гэрлийг унтраах, оффисын барилгуудын гэрлийг ажилтнууд тарж явсны дараа нэг цагийн дотор унтраах, барилгуудын гэрлийг нар жаргахаас өмнө асааж болохгүй мөн айл өрхүүд шөнийн цагаар шаардлагагүй тохиолдолд гэрлээ унтрааж байх зэрэг дүрэм журмыг гаргаснаар гэрлийн бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж чаджээ. Үүний шижгээр дэлхийн улс орнууд АНУ-ын адил шинэ дүрэм журам баталж гэрэл цахилгааны хэрэгцээгээ танахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд орж болохуйц эрсэдлээ даван туулж байгаа юм.

 

Харин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд гэрлийн бохирдолд өртөж буй улс орнуудын тоонд багтдаг байна. Ялангуяа хотын төв хэсэг болон 3,4-р хороолол орчмоор гэрэлтүүлэг ихтэй сурталчилгааны самбар болон 24 цагийн үйлчилгээний газруудаас болж шөнийн цагт хиймэл гэрэлтүүлгийн хэмжээ хэтэрч орчин тойрны хүмүүст ихээхэн нөлөөлдөг байна. 

 

Дэлхий дахинд томоохон асуудал болоод буй гэрлийн бохирдолтой холбоотой судалгаа манай улсад харин байдаггүй. Тиймээс байгаль орчин, уур амьсгал, цаашлаад сэтгэлзүйн асуудалд ч нөлөө үзүүлж буй энэ төрлийн бохирдлын тухай судалгаа шинжилгээг хийх нь зайлшгүй шаардлагатай болоод байна. 

 

Shuud.mn
Сонин хачин