ВИДЕО: Австралийн Мельбурн дахь Буддын сүм шатжээ
2023-02-06

Австралийн Мельбурн хотод байх Буддын сүмд ням гарагт гал гарчээ. Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө гарсан галыг унтраахаар 150 гаруй гал сөнөөгч ажилласан ч галын улмаас сүм бүрэн нурсан байна. 

 

АВС радиостанц Виктория мужийн шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Буддын сүмд гарсан галыг унтраахаар 150 гаруй гал сөнөөгч ажилласан ч бараг бүхэлдээ сүйдсэн хэмээжээ. 

 

"Сүм ноцтой гэмтсэн. Даацын хана нурах аюултай тул бүхэлд нь шалгах боломжгүй байна. Гэхдээ сүм дотор хүн байгаагүй нь тодорхой болсон" хэмээн аврах албаныхан мэдээлсэн байна. Дотоод хэргийн сайдын өгүүлснээр галын улмаас сүмийн хананы ихэнх хэсэг гэмтсэн, "бүрэн нурахын ирмэг дээр" байгаа аж. 

 

Гал түймрийн утаа 15 километрийн цаанаас ч харагдаж, ойр хавь бүхэлдээ утаанд өртсөн тул сүмийн ойролцоох орон сууцны оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Мельбурн  хотод байх Тод саран хэмээх энэхүү буддын сүмийг 1990 онд босгожээ. Сүмийг босгохын тулд сүсэгтнүүд 10 жилийн туршид газар худалдаж авах, барилга барихад зориулан мөнгө, хандив цуглуулсан байна. Хожим нь энэ сүм хотын дурсгалт газруудын нэг болж, жилд олон мянган жуулчин, сүсэгтэн хүлээн авдаг болсон байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин