Алуурчныг 36 жилийн дараа үсээр нь олж илрүүлжээ
2023-02-06

АНУ-ын Миссисипи мужийн оршин суугчийг 36 жилийн өмнө үйлдсэн хүн амины хэргийн төлөө баривчилжээ. Энэ талаар Флорида мужийн Пинеллас тойргийн шерифийн газар мэдээлснийг NBC дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сент-Питерсберг хотын оршин суугч 82 настай Опал Вайл гэх эмэгтэйн цогцосыг бэр нь 1987 оны хоёрдугаар сарын есний өдөр олжээ. Гэмт этгээд цонхоор нь байшин руу орж, эмэгтэйг хөнөөсөн гэдгийг мөрдөгчид тогтоосон байна.

 

Хэргийн газраас гэмт этгээдийнх байж болзошгүй хэд хэдэн үс олж, ДНХ шинжилгээнд өгсөн ч харилцан адилгүй дүн гарсан тул хэрэгтнийг халуун мөрөөр нь олж чадаагүй аж. Ингээд олон жилийн дараа, 2020 онд хэргийг дахин сэргээжээ. Шинээр генетик шинжилгээ хийж, болзошгүй гэмт хэрэгтний хамаатан садны хүрээллийг тогтоож чадсан бөгөөд дараа нь сэжигтэн байж болох хүмүүсийн жагсаалтад гурван хүн үлдсэн байна.

 

Ингээд генетикийн материалыг нарийвчлан шинжилсний дүнд өдгөө 55 настай Майкл Лапневскийг баривчилжээ. Тэрбээр 1987 онд хохирогчийн гэрээс километр орчим зайд амьдардаг байсан мөн хэргийн газраас олдсон үс нь түүнийх мөн гэдгийг ДНХ шинжилгээгээр баталсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин