Украины хөгжимчид Оросын дуучин Анна Нетребкотой хамт тайзнаа гарахаас татгалзжээ
2023-02-07

2023 оны тавдугаар сард Германы Висбаданд болох олон улсын фестивальд оролцохоос татгалзахаар зэхэж байгаа гэж Украины сонгодог уран бүтээлчид мэдэгджээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Германы Висбаданд болох олон улсын фестивальд Оросын нэрт дуурийн дуучин Анна Нетребко ч мөн уригдсан бөгөөд түүнтэй хамт тайзнаа гарах боломжгүй гэж Украины хөгжимчид үзэж байгаа аж. Тиймээс ч Украины Соёлын яам Украины хөгжимчид, Нетребко хоёроос аль нэгийг нь сонго гэж наадмыг зохион байгуулагчдад тулгажээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Висбаданы наадмыг зохион байгуулах хороо Украины Үндэсний дуурийн захирал Петр Чуприн болон Соёлын сайд Александр Ткаченко нараас захидал хүлээн авсан гэнэ.

 

Украины холбогдох албаныхны илгээсэн энэ захидалд "Орос соёлыг төлөөлж буй хүмүүс, Оросын соёлыг танилцуулах ямар ч арга хэмжээг Украины тал тэсвэрлэхгүй" хэмээн онцолсон байна. 

 

Висбадан хот байрлах Гессен мужийн улс төрчид ч украинчуудыг дэмжжээ. Харин наадам болох Гессений улсын театрын удирдлага мэдэгдэл хийхдээ асуудлыг ингэж тавих нь эрх чөлөөт оронд байж болшгүй хэрэг хэмээн онцолжээ.

 

Театрын гаргасан мэдэгдэлд дайныг эсэргүүцэж, Украиныг дэмжиж байгаа ч энэ нь Оросын соёлыг бүхэлд нь шүүмжилж, Оросын уран бүтээлчдийг гагцхүү гарал үүслээр нь ялгаварлаж болно гэсэн үг биш хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, Анна Нетребко бол дэлхийд нэр алдраа түгээсэн, хамгийн эрэлттэй сопрано гэгддэг бөгөөд Оросын Ардын жүжигчин юм. Тэрбээр Вена хотод амьдарч, Венийн дуурийн гол гоцлол дуучнаар ажиллан, дэлхийн олон оронд тоглолтоо толилуулдаг. 2012 онд Нетребко Владимир Путиний сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр түүний итгэмжит этгээдээр бүртгэгдэж байв. Мөн 2014 онд Донбассын салан тусгаарлагчдыг дэмжиж байлаа. 

 

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлсний дараа Нетребко дайн эсэргүүцдэг ч Оросын эх оронч, соёл өвийг нь тээсэн хэвээр байна хэмээн мэдэгдэж байв. Түүнийг Оросын иргэн гэдгээр нь Metropoliten театр тоглолтыг нь цуцлаж байсан бол дайн эсэргүүцснийх нь төлөө эх оронд нь ч түүнийг дуулуулахаас татгалзаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
Нэг орос дуучин италид путины шивээстэй нь мэдэгдээд гэрээ цуцлагдаж байсан. Түрэмгий дайнд оросууд бүгд буруутай. Дуучид, тамирчид бүгд. Тэд л путлерийг бий болгосон, дэмжиж ирсэн
2023-02-07
Яг одоо Орост Нетребко шиг дуулдаг чадалтай хоолойтой дуучин байхгүйшт, гайхалтай дуулдаг дэлхийн од.Путин гэж өмдөндөө шээдэг ямарч авьяасгүй нэг муу 72 настай алуурчинаас болоод олон хүн хохирч олон мянган хүн алуулж устаж байна даа
2023-02-07