Узбекистан Туркэд байгаа тамирчдаа нүүлгэн шилжүүлнэ
2023-02-07

Туркэд даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин нурж, хүмүүс олноороо амиа алдсаны дээр 15 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Нөхцөл байдал хүнд байгаа тул тус улсад тэмцээнд оролцож буй тамирчдаа Узбекистан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

 

МИР24 телевизийн мэдээлснээр, Узбекистаны чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийнхныг эх оронд нь эргүүлэн авчрах шийдвэрийг тус улсын Үндэсний олимпын хороо гаргасан байна. Одоогоор тамирчдыг эх оронд нь нүүлгэн шилжүүлэх ажлыг  зохион байгуулахаар бэлдэж байгаа аж. Узбекийн тамирчдын оролцсон тэмцээн газар хөдлөлтийн голомт болох Кахранмараш хотод болсон ч тамирчдаас хэн нь ч гэмтээгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Узбекистаны Үндэсний  Олимпын хорооны мэдээлснээр, одоогоор Туркэд Узбекийн дугуйн спорт, сэлүүрт завь, чөлөөт бөхийн шигшээ багийнхан байгаа аж. Чөлөөт бөхийн шигшээгээс бусад шигшээ багийнхан газар хөдлөлт болсон бүс нутгаас хол газарт байгаа, бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин