Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 7800 гаруй хүн амиа алдав
2023-02-08

Даваа гарагт Туркийн өмнөд бүс нутгууд болон Сирийн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алдаж, гэмтэж бэртэн, байшин барилгууд хэдэн мянгаараа нурсан юм. Мягмар гарагийн үдшийн байдлаар энэ хоёр улсад амиа алдсан хүний тоо 7,2 мянгыг давжээ. Амиа алдсан хүний тоо цаашид ч өсөж болзошгүй гэж аврах албаныхан мэдээлсэн байна. 

 

Аврагчдын мэдээлснээр, мягмар гарагийн үдшийн байдлаар Туркэд амиа алдсан хүнаий тоо 5434 болж нэмэгдсэн бол 32 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн улмаас 6000 гаруй барилга нурсны дотор  Кахраманмараш хотод орон сууцны нэг хороолол бүхэлдээ нурсан байна. Түүнчлэн Газиантеп хотод Хеттийн хаанчлалын үед босгож, Ром, Византын эзэнт гүрний үед дахин сэргээсэн түүхэн цамхаг нуржээ. Харин хөрш Сири улсад 1712 хүн амиа алдсан, цаашид ч энэ тоо өснө гэж аврагчид мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, гамшиг нүүрлэсэн нутаг дэвсгэрт нийт 23 сая хүн амьдардаг бөгөөд эцсийн дүнд, амиа алдсан хүний тоо 20 мянгыг давж болзошгүй гэнэ. 

 

Газар хөдлөлтийн улмаас Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсынхаа өмнөд хэсэгт байх 10 хотыг гамшгийн бүс хэмээн зарлаж, хот бүрт гурван сарын хугацаатай онц байдлын. дэглэм тогтоожээ. Ингэснээр хохирол амссан бүс нутгууд руу аврагчид хүрэх, тэдгээр хотууд руу санхүүгийн тусламж илгээхэд хялбар болно гэж Эрдоган онцолсон байна. Түүнчлэн тэрбээр тусламж илгээсэн, санал болгосон дэлхийн 70 оронд талархлаа илэрхийлжээ. 

 

Сүйрэл дагуулсан газар хөдлөлт 

 

Туркийн Газиантеп хотын орчимд болсон газар хөдлөлтийг 7,8 магнитудын хүчтэй гэж тооцоолсон бөгөөд энэ нь магнитудын шаталбараар сүйрэл дагуулах газар хөдлөлтөд тооцогддог байна. Энэ газар хөдлөлтийн голомт нь харьцангуй бага гүнд буюу газар дор 18 км орчимд байсан нь газрын гадаргуу дээр ихээхэн сүйрэл дагуулжээ. 

 

"Сүүлийн 10 жилийн хугацаанд ийм магнитудын хүчтэй газар хөдлөлт ердөө хоёрхон удаа гарч байсан, түүнээс өмнөх 10 жилийн хугацаанд дөрвөнтөө бүртгэгдсэн" хэмээн Лондонийн Их сургуулийн коллежийн байгалийн гамшгийн эрсдэл, аюулыг бууруулах хүрээлэнгийн захирал Жоанна Фор Уоркер өгүүлжээ.

 

Судлаачдын өгүүлснээр, их хэмжээний сүйрэл дагуулсны цор ганц шалтгаан нь  чичирхийлэлтийн хүч биш аж.

 

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн тухайд байгалийн гамшиг хүмүүс унтаж байх үед буюу шөнө дунд болсон, түүнчлэн хүмүүсийн байсан барилга байшингийн бат бэх чанар чухал хүчин зүйлд тооцогддог юм байна.

 

Портсмутын их сургуулийн галт уул судлал, эрсдэлийг мэдээлэх чиглэлийн мэргэжилтэн, доктор Кармен Соланагийн өгүүлснээр, эхний газар хөдлөлтийн дараах өдрүүд хүмүүсийг аврахад нэн чухал, шийдвэрлэх мөчүүд байдаг аж.

 

"Харамсалтай нь Туркийн. өмнөд хэсэгт, нэн ялангуяа Сирид дэд бүтцийн газар хөдлөлтөд тэсвэртэй чанар харилцан адилгүй. Тиймээс одоо хүний амь аврах нь аврагчдын шуурхай ажиллагаанаас шууд хамаарна. Дараагийн 24 цаг амьд үлдэгсдийг эрэн хайхад шийдвэрлэх мөч байдаг, харин 48 цагийн дараа амьд үлдсэн хүний тоо эрс буурдаг юм" хэмээн Солана тайлбарлажээ.

 

Түүний өгүүлснээр, энэ бүс нутагт сүүлийн 200 жилд ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй, тиймээс байнга чичирхийлэлт болдог бүс нутгуудтай харьцуулахад бэлэн байдлын төвшин доогуур байгаа нь хохирогчдын тоо нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин