Д.Осгонбаяр: Мартагдах шахсан дарьганга, үзэмчин ардын дуугаар цомгоо гаргасан
2023-02-14

 

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр  ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомог гаргасан билээ. Цомгийн нээлт өчигдөр /2023.02.13/ болж өнгөрлөө. 

 

 

Дуучин Д.Осгонбаяр нь төрөлх нутаг  Сүхбаатар аймгийнхаа  Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гарааг эхлүүлсэн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуу бол түүний нэрийн хуудас болсон бүтээл гэж болно.

 

Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулж амьдруулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болсон юм. Тэгвэл зохиолын дууны цомгоо тэрбээр “Наран мандах нутаг” хэмээн нэрлэсэн байна.

 

Түүний хувьд  зүүн  монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх  соёлын онцлог шингэсэн   олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч юм. “Өөшгөө юу даа” хэмээх дуугаар нэрлэсэн  ардын дууны цомогтоо  “Бүсгүй хүний заяа”,  “Торой банди”, “Ангир шувуу”, “Торгоны хээ” зураг 11 дууг багтаажээ.

 

Хос цомгийн нээлтийн үеэр Д.Осгонбаяр дуучинтай хэдхэн минут ярилцах боломж олдов. 

 

-Сүхбаатар жижигхэн аймаг атлаа, дуучин олонтой, дэлхийд данстай дуучдын өлгий нутаг гэдгээрээ сүүлийн үед ихээхэн  бахархаж байгаа. Дуучин, нутаг хоёр салшгүй холбоотой гэж танай нутгийн дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нэгэнтээ хэлж байсан.  Та энэ нутгийн аль суманд, ямар нэртэй газар  төрж өсөв?

 

-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын тавдугаар багийн нутаг Бүрэнцогтод төрсөн. Ээж минь Түвшинширээ сумын гаралтай, аав минь Бүрэнцогтын, тэр дотроо Өлийтийн гэж ярьдаг, тэр нутгийн уугуул.

 

-Таны нэр их содон юм. Осгонбаяр гээд нэрнийхээ тухай сонирхуулаач?

 

-Би хоёр ах, нэг эгчтэй, айлын бага. Отгонбаяр гэдэг нэрийг маань аав, ээж минь өгсөн. Гөеө намайг өхөөрдөөд “осгон” юм байгаа юм гээд л их дууддаг байсан гэдэг. Гөеө маань хөл өвдлөө гэхийг “өвслөө”, хавдлаа гэхийг “хавслаа” гэж нутгийн аялгаар ярьдаг хүн байсан. Тэгээд гэрчилгээн дээр нэрийг минь Осгонбаяр болгоод бичүүлээд ирсэн. Тэр нэрээрээ урлагт хөл тавьж, олонд танигдаж явна даа.

 

 

"Өөшгөө юу даа", "Наран мандах нутаг" хэмээх хос цомгийнхоо талаар, ямар утга санааг гаргахыг хүссэн бэ?


Сүхбаатар нутаг дарьганга, үзэмчин ардын дуугаараа өргөн баялаг сантай. Нутгийнхаа хүн ардын үеийн үед дуулж ирсэн, өнөө мартагдах шахсан дарьганга, үзэмчин ардын дууг багтааснаараа онцлогтой. Өөшгөө гэдэг нь найз гэсэн утгатай нутгийн аялгууны үг л дээ. Уртын дуу өөрөө их увдистай. Дуулж байхад сэтгэл зүрхээрээ алсын алсад алсраад нисчих шиг санагддаг. Дууны шуранхай авах үедээ тал сайхан нутаг нүдэнд харагдаад л ирдэг дээ.

 

 

-Таныг анхлан таниулсан дуу бол яахын аргагүй “Наран мандах нутаг”. Энэ дуугаа дуулах болсон түүхээсээ хуваалцана уу?

 

-”Наран мандах нутаг”-аа би 2005 онд дуулсан. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Амартайван, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан нарын сайхан бүтээлийг дуулж, олонд хүргэх боломж олдсонд талархаж явдаг. Нэг өдөр Ш.Батсайхан багш намайг “Манай ангид ороод ир. Нэг дуу дуулуулж үзэх гэсэн юм” гэлээ. Тухайн үед Соёл урлагийн их сургуульд ороод удаагүй, аймгийнхаа театрт ажилладаг залуу уран бүтээлч учраас эмээнгүй хүлээж авсан. Анх дуулахад хоолойгоо шахаад, нэг л эвлэж өгөхгүй байх шиг санагдаад, жигтэйхэн сандарлаа. Гэтэл багш “Зохиж байна. Болмоор юм биш үү” гэж урам өгсөн. Тэгээд ардын хөгжимтэй бичүүлж, хөгжмийн найруулга хийгээд “Жаахан шарга” театрынхаа тайзан дээр анх дуулж байлаа.

 

Түүнээс хойш гарсан тайз бүхэн дээрээ дуулсан. Одоо Үндэсний хөгжмийн их найралтай дуулсаар яваа. Мөн 2010 онд “Наран мандах зүг” киноны дуу болж цацагдсан. С.Амартайван ах Эрдэнэцагаан, Ш.Батсайхан багш Асгат сумын уугуул. Тэгэхээр энэ дуу Сүхбаатарчуудын нутгаа гэсэн их сэтгэлээс амилан гарсан юм. Мөн намайг олонд таниулсан, ард түмний сэтгэлд хүрсэн бүтээл болохоор энэ дуундаа их хайртай.

 

- Ярилцсанд баярлалаа

 

Дуучин Д.Осгонбаярын хос цомгийн нээлтийн зургуудаас хүргэж байна. Уг нээлтэд түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд, ажлын хамт олон, дууг нь сонсох дуртай топ фенүүд нь хүрэлцэн иржээ. 

 

Shuud.mn
Сонин хачин