"Орос хууль"-ийг эсэргүүцсэн гүржүүд эрх баригчдаа ялав
2023-03-10

"Гүржийн мөрөөдөл" эрх баригч нам "гадаадын агентын тухай" хуулийн төслөө парламентаас эргүүлэн татжээ. Ийнхүү эхний хэлэлцүүлгээр дэмжсэн хуулийн төслөө эргүүлэн татах болсон нь ард түмний эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой юм. 

 

Гүржүүд хоёр өдрийн туршид "Оросын хууль"-ийг эсэргүүцэж, цагдаа, тусгайгийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, усан буу ашиглан жагсаалыг хүчээр тараан, олон хүнийг баривчж байв. Гэсэн ч гүржүүд хүссэндээ хүрч чадлаа. 

 

Маргаан дагуулсан хууль 

 

"Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай" хуулийн төслийг хоёрдугаар сараас эхлэн хэлэлцэж эхэлсэн юм. Эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намаас тусгаарласан, гэхдээ засгийн газрыг дэмждэг "Ард түмний хүч" хөдөлгөөнөөс сонгогдсон гишүүд энэ хуулийн төслийг санаачилжээ. Харин хуулийн төслийг сөрөг хүчнийхэн барууныг эсэргүүцсэн төсөл хэмээн үзсэн юм. 

 

"Гадаадын агентын тухай" хуулийн төслийг санаачилагчид энэ төрлийн Америк хуулийг жишиг болгон авсан гэж мэдэгдэж байв. Ийм хууль батлахдаа Оросын эрх баригчид ч ингэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч 2023 он гэхэд Орост "гадаадын агентын тухай" хуулийг хавчлага, хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болгож, сөрөг хүчин, хараат бус сэтгүүлчдийн эсрэг ашиглах болсон юм. Тухайлбал, Украины эсрэг дайн эхэлсний дараа дайн эсэргүүцсэн, эрх баригчдыг шүүмжилсэн алдартнууд, сэтгүүлчдийг "гадаадын агент" хэмээн зарлах болсон. Гүржид ч мөн ийм байдал үүснэ гэж сөрөг хүчнийхэн, хүний эрхийг хамгаалагчид болон хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэв.

 

Энэ эсэргүүцлийг үл хайхран эрх баригчид хуулийн төслийг зүтгүүлж эхэлжээ. Хууль хэлэлцэх шийдвэрийг хоёрдугаар сарын 20-ны өдөр парламетын товчооны хурал дээр гаргасны дараа тухайн үед хурлын танхимд байсан редакторууд, сэтгүүлчид "Оросын хуулийг эсэргүүцэж байна!" хэмээн хашгирч байсан юм. Удалгүй энэ үг ард түмний эсэргүүцлийн уриа болов.

 

Хуулийн төсөлд зааснаар, Гүржид "гадаадын нөлөөллийн агентуудын жагсаалт"-ыг бий олгохоор төлөвлөж байлаа. Гадаадын санхүүжилт жилийн орлогынх нь 20-иос дээш хувийг эзлэдэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг "агент" гэсэн ангилалд оруулахаар төлөвлөж байжээ. Ийм байгууллагууд жил бүр тайлан гаргаж өгнө. Агент гэж бүртгүүлэхээс зайлсхийсэн эсвэл тайлан өгөөгүй хуулийн этгээдүүдийг ойролцоогоор 9,5 мянган доллараар торгох заалт ч багтсан байв.

 

Ард түмний эсэргүүцэл 

Хуулийн төслийг гуравдугаар сарын долооны өдөр хэлэлцэж, парламентын гишүүдийн 76 нь дэмжиж, 13 гишүүн эсрэг санал өгчээ. 

 

"Манай орны ирээдүй цаашид гадаадын агентууд, гадаад улс орнуудын гар хөлд хамаарахгүй. Манай орны, манай ард түмний ирээдүй эх орончдод хамаарна" хэмээн Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили мэдэгдэв. Харин Тбилиси дахь АНУ-ын Элчин сайдын яам хуулийн төслийг дэмжсэн гуравдугаар сарын долооны өдрийг "Гүржийн ардчиллын хувьд хар өдөр" хэмээн нэрлэсэн юм. 

 

Ингээд мөн өдрийн орой Гүржийн нийслэл Тбилиси хотод өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, хоёр өдөр үргэлжлэв. Даваа гарагийн үдэш гэхэд 10 мянга орчим хүн парламентын ордны гадаа цуглажээ. Тэд Гүрж болон Европын холбооны далбаатай ирсэн байв. Хууль сахиулагчид жагсаалыг хүчээр тараахын тулд усан буу ашигласны дараа эсэргүүцэгчид парламентын ордны хашаа руу дайрчээ. Үүний хариуд тусгайгийнхан давшиж, нулимс асгаруулагч хий ашигласан талаар ВВС агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна. 

Гүржийн гудамж дахь хүчирхийллийг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархав. Эхний өдрийн эсэргүүцлийн гол бэлгэ тэмдгүүдийн нэг нь өөдөөс нь усан буугаар шүршиж байхад огтхон ч ухрахгүй, Европын холбооны далбаа барин зогсож буй залуу эмэгтэйн дүрс бичлэг байв. Усан буунаас гадна эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч, гэрэлт дуут гранатууд ашиглажээ. Харин үүний хариуд зарим хүн галт бамбар, шатамхай шингэнтэй лонх шидсэн байна. 

 

Гуравдугаар сарын наймны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул эсэргүүцэгчид өдөр цугларчээ. Гудамжны төв хэсгээр голчлон эмэгтэйчүүд жагсаж, харин эрчүүд явган зам дээр үлдсэн бол оюутнууд өөр нэг цуваа үүсгэн алхсан байна. Ингээд мөн өдрийн 21:00 цаг гэхэд урьд өдрийнхөөс хоёр дахин их хүн цуглан, парламентын ордныг бүхэлд нь бүслэжээ. Энэ эсэргүүцлийн жагсаал харьцангуй тайван өрнөж байсан талаар DW  онцолсон байна. 

 

Хүмүүс "Оросын хуулийг эсэргүүцэж байна" хэмээн хашгирч, талбай дээр Гүржийн төрийн дуулал эгшиглэж байв. Олон хүн цугласан үед зарим хэсэг нь хэт бухимдан парламентын ордон руу дайрахыг завдахад бусад нь энэ хүчирхийллийг зогсоож байжээ. Гэсэн ч цагдаа, тусгайгийнхан жагсагчдыг хүчээр тараах ажлыг эхлэх үед иргэд эсэргүүцэн, мөргөлдөөн гарсан байна. Гүржийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн хууль сахиулагч гэмтжээ. Мөн гуравдугаар сарын 7-8-нд болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр нийт 130 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. 

 

Ард түмэн ялав 

 

Гуравдугаар сарын есний өглөө "Гүржийн мөрөөдөл" нам болон "Ард түмний хүч" хөдөлгөөн хамтарсан мэдэгдэл хийж, "гадаадын агентын тухай" хуулийг эргүүлэн татаж байгаагаа зарлав.

 

"Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн хуулийн төсөл нийгэмд эсэргүүцэл дагуулсныг бид харж байна. Худал хуурмагийн машин энэ хуулийн төслийг сөрөг талаас нь харуулж, хүн амын тодорхой хэсгийг төөрөгдөлд оруулж чадлаа. Энэ хуульд "Орос хууль" гэсэн хуурамч шошго нааж, төслийг дэмжсэнийг Европын бодлогоос хазайсан хэрэг гэж харуулж дөнгөлөө" хэмээн өөрсдийгөө өмгөөлсөн утга бүхий мэдэгдлийг эрх баригчид хийсэн юм.

 

Тэд энэ удаад хуулийн төслөө татсан ч ингээд нэг мөр орхичихгүй гэнэ. Хүмүүсийн сэтгэл хөдлөл намжсаны дараа гадаадын нөлөөллийн ил тод байдлыг хангах нь чухлын учрыг Гүржийн ард иргэдэд тайлбарлан таниулах оролдлогыг дахин хийнэ гэж эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын дарлал устах цаг айсуй жинхэнэ утгаараа
2023-03-10
Зочин:
Буурай орнуудыг мунхаруулдаг Америк Ардчилал сөнөтүгэй. Хүний үүрэг, хариуцлага, ёс суртахуун мандтугай.
2023-03-10
Ардчилал мандтугай, хүний эрх мандтугай
2023-03-10
Монгол ардчилал:
Манай Монгол аль хэдийн ийм болсон Гүрж шиг болсон.
2023-03-10
Иргэн:
Маш хэрэгтэй хууль байлаа. Харамсалтай нь барууныхан, янкууд бослого үймээн гаргаж зогсоов. ЗХУ-ын бүрэлдэхүүнд басйан БНУ-уудад өнгөт хувьсгал хийж, ОХУ-ын эргэн тойронд дайны байдал үүсгэх харгис бодлого хэрэгжиж байна. Энэ бодлогод бид ч бас татагдан орно. Америкийн гар хөлүүд манай улсад эрүүл саруул иргэдээс хамаагүй олон болчихжээ.
2023-03-10
Монгол ардчилал:
Манай Монгол аль хэдийн ийм болсон Гүрж шиг болсон.