Польш, Словак Украинд МиГ-29 сөнөөгч өгөхөд бэлэн гэв
2023-03-15

Орос Украины эсрэг хийж буй дайнд барууны орнууд Украинд дэмжлэг үзүүлж, төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Гэсэн ч Европын агаарын орон зайг хамгаалахын тулд сөнөөгч онгоцууд хэрэгтэй гэж Украины тал удаа дараа хүсэлт гаргасан ч АНУ, Европын орнууд татгалзсан, эргэлзсэн байр суурьтай байгаа. Харин Польш, Словак Украинд сөнөөгч онгоц нийлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, "4-6 долоо хоногийн дотор" Польшийн Засгийн газар Зөвлөлтөд үйлдвэрлэсэн МиГ-29 сөнөөгч онгоцуудыг Украинд өгөхөд бэлэн гэж Польшийн Ерөнхий сайд мягмар гарагт мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Польшийн удирдлагууд мэдэгдэл хийхдээ гагцхүү олон улсоын эвслийн хүрээнд байлдааны онгоц илгээнэ хэмээн онцолж байв.

 

Укранид МиГ-29 сөнөөгч онгоц нийлүүлэхэд бэлэн гэдгээ Словак улс ч мэдэгдэж байлаа. Улмаар Словак, Польш улсууд НАТО-ийн бусад гишүүн орнуудыг Украинд цэргийн онгоц нийлүүлэхэд нэгдэхийг уриалжээ.

 

МиГ-29 онгоцыг Украины Агаарын цэргийн хүчний нисэгчид сайтар мэддэг, тиймээс хүлээн авсныхаа дараа шууд ашиглах боломжтой гэж үзсэний улмаас Зөвлөлтийн үеийн энэ онгоцыг нийлүүлэх санал гаргасан аж. Польш улс 1989 оноос хойш энэ сөнөөгч онгоцыг зэвсэглэлдээ оруулсан, одоогоор нийт 28 МиГ-29 онгоцтой аж.

 

Энд дуулгахад, МиГ-29 онгоц нь 1970-аад онд боловсруулсан, дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц юм. Энэ онгоц агаарын орон зайд цаг агаарын энгийн болон хүндрэлтэй нөхцөл байдалд жолоодлогот пуужин, их бууны галаар агаарын бүх төрлийн байг устгахад зориулагдсан. Анхны туршилтын загварыг 1977 оны 10 дугаар сарын зургааны өдөр туршин нисгэгч А.В.Федотов гүйцэтгэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин