Я.Төгс-Амгалан: Үзэгчдийн шаардлагад хүрэхийн тулд чанартай кино хийхийг хүсдэг
2023-03-16

 

"Зурвас” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Залуухан уран бүтээлчдийн урласан тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч Я.Төгс-Амгалантай ярилцлаа. Бага наснаасаа урлагийн хүн болох хүсэлтэй байсан тэрбээр найруулагч гэх мэргэжлийг эзэмшиж яваа чадварлаг залуу уран бүтээлч юм. 

 


 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?


- Сайн байна уу. Намайг Ядамсүрэнгийн Төгс-Амгалан гэдэг. 2020 онд СУИС-ийг Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар багшийн удирдлага дор найруулагч мэргэжлээр төгссөн. 

 


 

- Найруулагч мэргэжлийг сонгосон тухайгаас нь яриагаа эхэлье?


- Би дөрвөн настайгаасаа хойш дуулсан. Шинэ жил, хүүхдийн баяр, урлагийн үзлэг гээд л баяр баяр наадам уралдаан тэмцээн болно тэнд ихэртэйгээ хоёулаа "Зүүдний Чингис" дууг их дуулдаг байлаа. Тэгээд дуулахаа хэсэг завсарлаад наймдугаар ангид байхад Түвшинжаргал гээд дуу хөгжмийн шинэ багш шилжиж ирээд морин хуурын сургалт хичээллүүлнэ гэж байсан юм. Миний хувьд урлагт их дуртай болохоор тус дугуйланд хамрагдаад, хамтлагтай болсноор эргээд урлагийн хүн болох хүсэл маань улам бүр нэмэгдсэн. 


2013 оноос хойш урлагийн хүн болно гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Тэгээд л ЭЕШ үеэр ур чадварын шалгалт авдаг гэдгийг сонсоод бэлдэж эхэлсэн. Эхэндээ жүжигчин болно доо гэж бодсон хэдий ч найруулагч нь надад илүү тохирох юм шиг санагдсан. Найруулагч мэргэжил л надад тохирох юм байна гэх бодол миний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн учраас л энэ мэргэжлээ сонгоод суралцаад, төгсөөд ажиллаж байна даа. 

 


 

- Өмнө нь ямар нэгэн кинонд тоглох, туслах зэргээр туршлага хуримтлуулж байв уу?


- 2016 онд анх СУИС-д элсэн орсны дараагаар манай ангийнханд Амьдралоги киноны олны хэсэгт тоглоод өгөөч гэж санал тавьж байсан нь миний анхны киноны туслах дүрд тоглож байсан. Харин хоёрдугаар курст байхад Мesmerism-ийн Мөнхүүш, Цогтоо хоёрын "Орк" кинонд ихэртэйгээ хамт туслах дүрийг бүтээсэн. Цаашлаад төгсөх курстээ "Single Ladies" киноны массанд тоглож байсан. 

 


 

- Удахгүй нээлтээ хийх гэж буй "Зурвас" киноны талаар  ярилцъя. Санаагаа хэрхэн гаргаж байв?


- Зохиолоо бичиж эхлэхдээ бидэнд хамгийн ойрхон, олон төрлийн объект шаардахгүй ямар сэдэв байна вэ гэдгийг бодож үзээд цэргийн сэдвээр кино хийх нь зөв сонголт юм байна гэж бодсон. Харин цэрэг дундаа хилийн цэргийн амьдралыг харуулсан. Учир нь тэнд л хамгийн их зөрчил гардаг, аль л болж бүтэхгүй зүйлстэй нүүр тулж хилээ тайван амгалан байлгахын тулд тэмцэж байдаг юм билээ. Үүнийг л олон түмэндээ харуулж хилийн цэргийн амьдралыг мэдрээсэй гэж хүссэн. Мөн сүүлийн үед залуучууд цэргийн албанд явах дургүй болсон юм шиг санагддаг. Тэдгээр залуустаа зориулж цэргийн амьдрал бидэнд асар их үнэ цэнтэй бас олон сайхан найзуудтай болгодог юм шүү гэдэг эерэг талаас нь харуулахыг зорьсон. 

 

Кино бол хагас хийсвэр, хагас бодит зүйлийн тунг нь тааруулсан урлаг юм. Яг бодит амьдрал дээр эмэгтэй, эрэгтэй хүмүүс үнсэлцэж, нэг нэгнээ анхны харцаар хараад дурлахад цаг хугацаа удааширч, гэрэл цацардаггүй. Энэ бол киноны хэллэгээр хүний мэдрэмж, төсөөллийг дүрслэн харуулж байгаа хэлбэр юм.

 


 

- Цэргийн сэдэвтэй кино хийхэд хэр хүндрэлтэй байсан бэ?


- Ямар ч кино хийсэн хүндрэлтэй, саад бэрхшээлтэй зүйлүүд их тулгарна. Ялангуяа цэргийн холбогдолтой кино хийсэн болохоор баригдмал зүйлүүд их тулгарсан. Цэргийн анги дээр очоод киноны маань зохиолын ихэнх хэсэг нь өөрчлөгдсөн. Яагаад гэвэл, цэргийн дүрэм журам, хувцсаа өмсөх байдал цаашлаад үш хэллэг дээрээ хүртэл анхаарах шаардлагатай болсон. Өмнө нь зохиолынхоо дагуу бэлдэж байсан бичвэрүүд тэр дороо солигдоод ирэхээр дахиад л эхнийхээ цэг дээр очоод байсан нь хүндрэлтэй санагдаж байсан. Ямар ч байсан цэргийн дүрэм журмаас нээх гажуудуулахгүй, киноны зохиолоо ч мөн гажуудуулахгүйг хичээж хийсэн кино маань нээлтээ хийх гэж байгаад маш их баяртай, бас догдолж байна. 

 


 

- Хилийн цэргийн 0243 дугаар ангид зураг авалтаа хийсэн юм билээ. Хүссэн үедээ очоод үзэж болохгүй бүсэд очих ямар байсан бэ?

 

- Төмөр тортой хашааны цаана Монгол Улсын халдашгүй дархан хил байгаа гэж бодох сонирхолтой бас их сүрдмээр байсан. ОХУ болон Монгол Улсын хилийг илтгэсэн хоёр цементэн багана өөд өөдөөс хараад байрлаж байхыг харах үнэхээр сайхан сүрдэм мэдрэмж өгдөг. Хилийн зурвасаа харахын тулд хэсэгхэн ой модыг чөлөөлчихсөн, ялангуяа намрын улиралд очсон болохоор байгалийн үзэмж илүү сайхан байсан.

 

 

- Дараагийнхаа уран бүтээлийг төлөвлөсөн үү?


- Дараагийн уран бүтээл маань ирэх дөрөвдүгээр сараас ширээний ажилдаа ороод эхлэх гэж байна. Өнгөрсөн зун хийгдэх гэж байсан " Тав дахь улирал" кино маань яг зохиолын хувьд ч тэр уран бүтээлчдийн хувьд ч тэр яг бүрэн дуусаад одоо хийхээр төлөвлөж байгаа. Энэхүү кинондоо залуучуудын хайр дурлал, нөхөрлөлийг харуулсан. Ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

 

 

- Залуу уран бүтээлчийн хувьд ойрын зорилгоосоо хуваалцаач?

 

- Уран бүтээлч талаасаа дараагийн уран бүтээлээ амжилттай хийж дуусгах. Мөн сургуульдаа сурч амжаагүй практик зүйлүүдэд суралцаж туршлага хуримтлуулахыг зорьж байна. Цааш цаашдаа чанартай уран бүтээл хийж, олны сайшаалыг хүртсэн мундаг уран бүтээлч, найруулагч болохыг зорьж байна.  

 

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье 

Shuud.mn
Сонин хачин
Чиний чадаагүйг л чадаж байна ш дээ. Юу ч хийж бүтээгээгүй чи бол хол очиж хуц. Анхны уран бүтээл гэдэг гайхалтай алдаагүй зүйл гэж юу бхав Амжилт хүсэе дүү нарт.
2023-03-19
ДААН Ч ЧАДВАР МЭДЛЭГ ДУТААД БАЙНА ГЭЭЧ МАНГАР БАЦААНАА ТА НАРЫН КИНО ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙДИЙН
2023-03-16
Чиний чадаагүйг л чадаж байна ш дээ. Юу ч хийж бүтээгээгүй чи бол хол очиж хуц. Анхны уран бүтээл гэдэг гайхалтай алдаагүй зүйл гэж юу бхав Амжилт хүсэе дүү нарт.