АНУ дайчилгаанаас зугтан очсон орос залуусыг албадан буцааж байна
2023-03-20

Орост зарласан дайчилгаанаас зугтан очсон Оросын иргэдийг албадан буцаах ажлаа АНУ-ын эрх баригчид сэргээсэн, гэхдээ энэ талаараа албан ёсоор зарлаагүй байгаа гэнэ. Энэ талаар The Guardian сонин оросуудын өмгөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд дайн эхэлснээс хойш Америкийн эрх баригчид дайчилгаанаас зугтан улс төрийн орогнол хүссэн орос эрчүүдийг албадан гаргах ажлаа зогсоогоод байсан гэнэ. Харин одоо албадан гаргах ажиллагааг сэргээсэн бөгөөд дайчилгаанаас зугтан АНУ-д ирсэн залууг саяхан гэнэт л албадан гаргасан гэж Техасын өмгөөлөгч Женнифер Скарборо өгүүлжээ. Тэрбээр албадан гаргасан орос эрийг шүүх дээр өмгөөлж байсан аж. Түүнийг фронт руу явуулж болзошгүй гээдг нь орогнол олгох үндэслэл болохгүй гэж АНУ-ын цагаачлалын алба үзсэн аж. 

 

Өмгөөлөгч Скарборогийн үйлчлүүлэгчдийн дунд дайчилгаанаас зугтсан өөр дөрвөн эр байгаа гэнэ. Бүгдийг нь албадан гаргаж болзошгүй гэж тэд эмээж байгаа хэмээн өмгөөлөгч өгүүлжээ. Өмгөөлөгч Скарборогийн өгүүлснээр, тэд Мексикээр дамжин АНУ-д ирээд орогнол хүссэн өргөдөл гаргасан байна. Тэд ОХУ руу буцвал тэднийг хорих ял эсвэл Украин руу фронтод илгээх аюул занал хүлээж байгаа гэж Скарборо онцолжээ.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлсний дараа Байдены захиргаа оросуудыг эх орон руу нь албадан гаргах ажиллагаагаа түр зогсоосон юм. Тухайн үед Орос, Украин, Беларусь, Гүрж, Унгар, Молдав, Польш, Словаки, Румын рүү хүмүүсийг албадан гаргахаа зогсоож байлаа. Харин энэ ажлыг сэргээсэн талаарх мэдээлэл гарсны дараа Цагаан ордон энэ мэдээллийг батлаагүй, мөн няцаагаагүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин