Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн үймээн намжаагүй байна
2023-03-20

Францад тэтгэврийн насны босгыг дээшлүүлж, тэтгэврийн шинэчлэлийг нэвтрүүлэх зорилготой хуулийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл үргэлжилсээр байгаа талаар МИР24 мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, парламент тэтгэврийн хуулийг дэмжсэний дараа эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалд шилжин, Францын томоохон хот бүрт үймээн дэгдэж байгаа аж. Олон мянган хүн цугласан эсэргүүцлийн жагсаалын үеэр дугуй, хог шатааж, хууль сахиулагчид руу чулуу, лонх шидэж байгаа гэнэ. Үүний хариуд цагдаагийнхан бороохой, гэрэлт дуут гранат болон нулимс асгаруулагч хий ашиглаж, олон зуун хүнийг саатуулан баривчилжээ. 

 

Гэсэн ч энэ нь жагсагчдыг зогсоохгүй байгаа талаар эх сурвалж онцолсон байна. Түүнчлэн сөрөг хүчнийхэн өнөөдөр засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх шийдвэр гаргахаар зэхэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин