С. Сумъяабазар дарга аа, ШИЛЭН дансаа хэзээнээс хөтлөх вэ
2023-03-20

Монгол Улсын хүн амын таль оршин суудаг нийслэлийн төсөв санхүүгийн мэдээлэл он гарснаас хойш хаалттай хэвээр байна. Төсөв мөнгөө ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих эрхийг хангах нь аль ч төрийн байгууллагын үүрэг. 

 

 

Гэвч Д.Сумъяабазар захирагчтай нийслэлийн Засаг даргын тамгын газар он гарснаас хойш Шилэн дансаа хөтөлсөнгүй. Нэг үгээр нийслэлийн Засаг даргын тамгын газар хичнээн хэмжээний хөрөнгө мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа нь ТОДОРХОЙГҮЙ байна. 

 

Чухам шалтгаанаар ШИЛЭН ДАНС хөтлөхгүй байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Би яаж мэдэх вэ? Хэн бөглөх ёстойг мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгч байна. Төсвийн жил эхэлснээс хойш гурван сарын нүүр үзэж байхад нийслэлд хэн нь Шилэн дансны мэдээлэл хөтлөх ёстойг "мэдэхгүй" гэх тайлбар өгч байх.... Нэг үгээр Д.Сумъяабазар захирагчтай нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан хэзээнээс Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй гэсэн үг. 

 

Улаан анхааруулга нь тухайн байгууллага нь ямар нэг мэдээлэл оруулаагүй байгаа тэмдэглэгээ юм. 

 

ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

 

8 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт

 

8.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.

8.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.

8.3.Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно.

8.4.Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.

 

9 дүгээр зүйл.Иргэний хяналт

 

9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.

9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.

9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин