Ши Жинпиний хоёр дахь эхнэр, Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань
2023-03-21

Азийн их гүрний удирдагч, сүүлийн жилүүдэд олон амжилтад хүрсэн Ши Жинпинийг мэдэхгүй хүн үгүй. Түүнийг удирдаж байх үед БНХАУ  дэлхийн томоохон эдийн засаг болж чадсан гэж шинжээчид үнэлдэг. Ши Жинпинийг хүн бүр мэддэг бол эхнэрийнх нь талаар төдийлөн мэдээлэл бага. 

 

Анхны гэрлэлт

 

Анхны эхнэр Кэ Линлин 

 

Хятадын ирээдүйн удирдагчийн анхны гэрлэлт тийм ч аз жаргалтай байсангүй. Ши Жинпиний аав Ши Жунсюнь өөрийгөө бүтээсэн, тосгоны эр байсан бөгөөд Ши Жинпинь багадаа тосонд умбаж, торгонд хөлбөрч үзсэнгүй.

 

Том Ши буюу Ши Жинпиний аав Ши Жунсюнь улс төрд орж, өндөрлөгт хүрсэн ч ёсоолдоо хүртэл унаж байсан нэгэн. Тиймдээ ч ирээдүйн Хятадын удирдагч хүнд хүчир амьдралыг туулжээ. Ингээд Ши Жинпинь ихэд хүчин чармайлт гарган хөдөлмөрлөж байж эрх мэдлийн оргилд хүрч чадсан аж.

 

Түүний анхны эхнэр нь Кэ Линлин байв. Тэд 1979 онд гэрлэжээ. Кэ Линлиний эцэг нь Их Британи дахь Хятадын элчин сайд байв. Тиймээс бүсгүй боловсрол өндөртэй, Ши Жинпиний хувьд амьдралын сайн хань болж болохоор л байв. Гэвч залуу хос огт өөр хүмүүс, зан ааш, амбиц нь эрс тэс гэдэг нь удахгүй илэрхий болжээ.

 

Тухайн үед Ши Жинпинь албан тушаалын шатаар ахихаар төлөвлөж байсан бол барууны соёлд автсан эхнэр нь нөхрөө Британи руу хамт явж тэндээ амьдрахыг санал болгож байсан гэнэ. Кэ Линлин дээдсийн хүрээний хатагтай байсны дээр өөрөө ч карьер хөөх амбицтай байжээ.

 

Тэрбээр сайн эмч байсан бөгөөд нөхрийнхөө ар тал болж, сүүдэрт үлдэхийг хүссэнгүй. Аль аль нь карьер хөөхийг хүсэж, тэдний хооронд байнга маргаан гарсаар, гурван жилийн дараа тэд салжээ. Кэ Линлин Европ явж, тэндээ нэг мөр суурьшин, мөрөөдлөө биелүүлсэн аж. Тэд салахдаа хүүхэдгүй байжээ. 

 

Хоёр дахь гэрлэлт

 

Хоёр дахь эхнэр, нэрт дуучин Пэн Лиюань

 

Бусдын анхаарал татам бүсгүйчүүдийг сонгодог зуршлаа Ши Жинпинь гээсэнгүй. Пэн Лиюань Шитэй танилцах үедээ түүнээс ч нэгр алдартай байв. Хэдийгээр хилийн чанадад түүнийг Ши Жинпиний эхнэр гэж танилцуулдаг бол Хятадад Пэнийг танихгүй, мэдэхгүй хүн нэг ч үгүй.

 

Пэн Лиюань бага наснаасаа л дуулж эхлэн, харин 18 насандаа Хятадын цэргүүдийн өмнө дуулах болов. Хятад, Вьетнамын сөргөлдөөний үед тэрбээр Ардын чөлөөлөх армид орж, цэргүүдэд дуу хуураа хүргэх болжээ. Хятадад нэн чадвартай мэргэжилтнүүдийг л армид дуучнаар авдаг гэдгийг онцлох хэрэгтэй. 

 

1983 онд Пэн телевизээр дамжуулсан шинэ жилийн үдшийн нэвтрүүлэгт оролцон дуулснаар Хятад даяар ихээхэн алдартай болов. Ихэвчлэн цэрэг эх орны сэдэвт дуу дуулдаг Пэн хятад ард түмний дунд ихээхэн алдартай гэнэ. 

 

Хатагтай Пэн Хятадын Зэвсэгт хүчний энгийн алба хаагч бөгөөд дуу, бүжгийн чуулгыг тэргүүлдэг аж. Тэр поп дуу төдийгүй дуурийн ари дуулдаг бөгөөд дуурийн сопрано дуучнаар АНУ, Европ, Орос гээд дэлхийн талыг тулж, үзэгчдийн сонорыг мялаажээ.

 

Пэн, Ши нарыг найзууд нь танилцуулжээ. Тухайн үед Ши Жинпинь багагүй албан тушаалтай байсан ч ирээдүйд Хятадыг удирдана гэж хэн ч таамаглахааргүй байв. Тэрбээр Сямынь хотын дэд даргын албан тушаал хашиж байжээ. Энэ хот таван сая хүн амтай томоохон хот хэдий ч Хятадын хэмжүүрээр бол төдийлөн томд тооцогдохгүй. Тиймдээ ч Пэнээс сэтгүүлчид ярилцлага авахдаа алдарт дуучны сүүдэрт байх нөхөрт нь ямар санагддаг талаар ихээхэн асуудаг байж. Түүнчлэн Ши Жинпиний найзууд ч түүнийг од бүсгүйтэй гэрлэнэ гэхэд ихээхэн гайхаж байсан гэдэг.

 

1992 онд Пэн Лиюань гучин настайдаа Ши Жинпиний охиныг төрүүлэв. Түүнийг төрөх үед нөхөр нь хар салхи болсон бүсэд аврах, эрэн хайх ажлыг удирдаж байсан гэдэг. 

 

Ши Жинпинь, Пэн Лиюань нар

 

Пэн Лиюань нөхөр нь Хятадыг удирдах болсноос хойш тайзнаа гарахаа больжээ. Гэлээ ч тэр их гүрний их удирдагч нөхрийнхөө сүүдэрт дарагдсан нэгэн биш. Тэр дэлхийн хамгийн их хүн амтай Хятадын хувьд бие даасан, тод томруун гялалздаг эмэгтэй. Түүнчлэн гэр бүлээ авч явах хятад уламжлалыг дагадаг нь хятад түмнээс хүндлэл хүлээдэг бол бие даасан, цэмцгэр, дэгжин байдал нь олон улсад түүнийг хүндлэх шалтгаан болдог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гайхалтай бүсгүй.
2023-03-28
?????
2023-03-21