ДАШТ: Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нар хүрэл медалийн болзол хангалаа
2023-03-23

 

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий долоо дахь өдөр 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 48 кг-ын жингийн 1/4 шигшээ тоглолтод Узбекистаны Фарзона Фозиловатай хийж 5:0-ээр хүрэл медалийн болзол хангалаа. Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсон бөгөөд өнөөдөр хагас шигшээд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай тоглоно.

 

Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж буй хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Мягмардуламын Нандинцэцэг 2018 онд мөн л Шинэ Делигийн рингнээс анхны медалийг авчирч байсан юм.

 

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал үдээс хойш 1/4 шигшээ тоглолтоо Италийн Олена Савчуктай хийв. Ялсан нь хүрэл медалийн болзол хангах байсан. Тус тоглолтод манай боксчин өрсөлдөгчөө 5:0-ээр яллаа. Ийнхүү өчигдөр Монголын гурван бүсгүй медальтай үлдэх эсэхээ шийдэх тулаанаа хийснээс хоёр нь хүрэл медалийн болзол хангаж өнөөдөр хагас шигшээд өрсөлдөнө.

 

 

Шинэ Делигийн ринг Монголын эмэгтэй боксчдод ээлтэй байдаг бөгөөд 2018 онд гавьяат тамирчин М.Нандинцэцэг анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм. Тэгвэл 5 жилийн дараа жингийн дүү нь Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь медалийг авчирлаа. М.Энхжаргал маргааш медалийн өнгөө хувиргах буюу хагас шигшээ тулаанаа хийнэ.

Shuud.mn
Сонин хачин