Путинийг баривчлах шийдвэрийн талаар Өмнөд Африк Оростой хэлэлцэнэ
2023-03-23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүх гаргасан. Энэ асуудлаар ӨАБНУ-ын эрх баригчид Оростой зөвлөлдөнө гэж тус улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Наледи Пандор мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ. 

 

Наймдугаар сард ӨАБНУ-д БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ уулзалтад бүх гишүүн орны төрийн тэргүүн, тэр дундаа Путин ч уригдсан юм. Энэ уулзалтын өмнө Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг ӨАБНУ  Оросын талтай зөвлөлдөх шаардлагатай болсон аж. Учир нь энэ улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон юм.

 

"Бид хууль тогтоможоо судлан, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой болгохын тулд Оросын талтай зөвлөлдөж, сайд нарын танхимаар хэлэлцүүлнэ" хэмээн Наледи Пандор мэдэгджээ. ӨАБНУ Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон тул  энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой өөрөөр хэлбэл Путинийг баривчлах тухай шийдвэр гарсан тул ӨАБНУ-ын нутагт очсон нөхцөлд баривчлан саатуулж, Олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. 

 

Өмнө нь, Олон улсын эрүүгийн шүүх Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширийг баривчлах шийдвэр гаргаснаас хэдэн жилийн дараа 2015 онд  Омар аль-Башир ӨАБНУ-д болсон дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн тохиолдол гарч байлаа. Тухайн үед ӨАБНУ-ын шүүх шилжүүлэн өгөх тухай асуудлыг хэлэлцэх хугацаанд Омар аль-Баширийг нутгаас нь гарахыг хориглож байсан ч энэ шийдвэр гарсны маргааш өдөр нь л Суданы Ерөнхийлөгч нутагтаа буцсан бөгөөд ӨАБНУ-ын хууль сахиулагчид түүнийг саатуулаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин