Ханхүү Уильям Польш дахь Британийн цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ
2023-03-23

Украины хилээс холгүй орших, Польш дахь цэргийн баазад ханхүү Уильям гэнэтийн айлчлал хийж, Британи болон Польшийн цэргүүдтэй уулзсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.  Британийн цэргүүдэд гүйцэтгэж буй үүргийнх нь төлөө биечлэн талархал илэрхийлэхээр ирсэн гэж ханхүү Уильям сэтгүүлчдэд ярьсан байна. 

 

"Та бүхэн өдөр бүр хийдэг ажлын чинь төлөө талархлаа илэрхийлэхээр энд ирсэн. Та бүхэн бидний эрх чөлөөг хамгаалж, чухал ажил үүрэг гүйцэтгэж байна. Ар талд та бүхнийг хүн бүр дэмждэг" гэж ханхүү цэргийн алба хаагчдад хандан өгүүлжээ. 

 

Цэргийн бааз дээр очиж ажиллаад эргээд Варшавт ирэх хүртэл Британийн цэргүүд байршсан, Польшийн зүүн өмнөд хэсэг дэх Жешув хот руу ханхүү Уильям очих талаарх мэдээллийг нууцалсан байна. Жешув хот Украины хилээс машинаар нэг цаг орчим явах зайтай, энд Британийн нисэгчид Америк болон Польшийн нисэгчдийн хамт байрлан, Польшийн агаарын орон зайг хамгаалдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин