Нетаньяху өөрийг нь шүүмжилсэн Батлан хамгаалахын сайдыг халжээ
2023-03-27

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсын Батлан хамгаалахын сайд Йов Галантыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаарх мэдээлэл гуравдугаар сарын 26-ны үдэш Засгийн газрын албан ёсны сайт дээр гарсан байна. 

 

Нетаньяхугийн Засгийн газраас өргөн барьсан шүүхийн шинэчлэлийг Галант ил тодоор шүүмжилсний дараа ийнхүү ажлаасаа халагджээ. Энэ шинэчлэл Израиль даяар эсэргүүцэл дэгдээсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаал хэдэн сар үргэлжилж байгаа юм.

 

Батлан хамгаалахын сайд Галант гуравдугаар сарын  25-ны өдөр мэдэгдэл хийн, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд шүүхийн шинэчлэлийг явуулахаа зогсоохыг засгийн газарт хандан уриалсан байна. 

 

"Улс оронд үүссэн хагарал Израилийн Батлан хамгаалахын арми, батлан хамгаалах бүтцүүдэд ч нэвтэрчээ. Энэ нь Израилийн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж байна. Би ийм байдал гаргахгүй" хэмээн тэрбээр мэдэгджээ. Ийм мэдэгдэл хийснийх нь дараа Нетаньяху Галантыг дуудан уулзаж, "итгэл алдсан" хэмээн хэлсэн гэж The Jerusalem Post сонин бичсэн байна.

 

Ийнхүү Батлан хамгаалахын сайд халагдсаны дараа Нью-Йорк дахь Израилийн Ерөнхий консул Асаф Замир халагдах өргөдлөө өгчээ.

 

Тэрбээр " Израилийг дэлхий дээрх ардчилал, эрх чөлөөний бамбар хэвээр үлдээхийн тулд улс орныхоо ирээдүйн төлөөх тэмцэлд нэгдэх цаг нь болсон" хэмээн мэдэгдсэн байна.

 

Батлан хамгаалахын сайд Галантыг халсан талаарх мэдээлэл гарсны дараа Израилийн хэд хэдэн хотод эсэргүүцлийн ажиллагаа дахин сэргэжээ. Тель-Авив хотод хэд хэдэн гудамж хаагдаж, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд усан буу ашигласан байна. Түүнчлэн өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "Үндэсний зогсолтын долоо хоног" -ийг эсэргүүцэгчид эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд цуврал жагсаал, ажил хаялт зохион байгуулах аж. 

 

Эсэргүүцэл дагуулсан шинэчлэл 

 

Нетаньяхугийн засгийн газрын дэвшүүлсэн шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг израильчууд олон сарын туршид эсэргүүцсээр байгаа ч эрх баригчид буулт хийх бодолгүй байна. 

 

Энэ шинэчлэл хийгдвэл шүүх засаглал хууль тогтоох болон гүйцэтгэх шатны байгууллагуудын шийдвэрт нөлөөлөх боломжгүй болох аж. Израилийн парламент нэг танхимаас бүрддэг. Засгийн газрын үйл ажиллагаанд Дээд шүүх хяналт тавьдаг бөгөөд эрхзүйд нийцэхгүй гэж үзсэн хуульд Дээд шүүх хориг тавьдаг юм. Харин шүүхийн шинэчлэл хийгдсэнээр Дээд шүүх ийм эрхгүй болж, аливаа хоригийг парламентын энгийн олонхын буюу 61 хувийн саналаар цуцлах боломжтой болох аж. Ингэснээр эрх баригч эвсэл аливаа хуулийг ямар ч саадгүй дэмжиж, цуцлах боломжтой болно гэсэн үг. 

 

Гэвч энэ хууль нь Израильд дарангуйлал авчирна гэж шүүмжлэгчид үзэж байна. Харин Нетаньяху, ард түмнээс сонгогдсон парламентын үйл ажиллагааг шүүх хязгаарладаг байх нь ардчиллын эсрэг үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин