Америкийн сэтгүүлч ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагджээ
2023-03-31

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба The Wall Street Journal сонины сурвалжлагч, АНУ-ын иргэн Эван Гершковичийг пүрэв гарагт Екатеринбургт баривчилжээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. Тусгай албаныхан түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэж байгаа аж. 

 

Холбооны аюулгүй байдлын албаны мэдэгдэлд өгүүлснээр, сэтгүүлч Гершкович "Америкийн талын даалгавраар хөдөлж", "Оросын цэрэг аж үйлдвэрийн комплексийн үйл ажиллагаа"-ы талаарх төрийн нууцад хамаарах мэдээлэл цуглуулж байсан бөгөөд "нууц мэдээлэл хүлээн авч байх үед нь баривчилсан" гэнэ. 

 

Ингээд пүрэв гарагийн өдөр Гершковичийг Москвагийн Лефортовын шүүхэд хүргэн, энэ шүүх түүнийг урьдчилан саатуулах байранд хоёр сар хорих шийдвэр гаргажээ. Энэ шүүх хурал хаалттай болж, сэтгүүлчдийг дотогш оруулаагүй аж.

 

Гершковичийг баривчилсны дараа АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргаж, Орост амьдарч эсвэл аялж байгаа Америкийн бүх иргэнийг нэн даруй Оросоос явахыг уриалсан байна.

 

CNN агентлагийн мэдээлснээр, Гершкович 1986 оноос хойш Орост тагнуулын хэргээр сэжиглэгдэн баривчлагдаж байгаа анхны сэтгүүлч болж байгаа аж. 1986 онд U.S. News & World Report сонины сурвалжлагч  Николас Данилофф мөн ийм хэргээр баривчлагдаж байсан бөгөөд түүнийг гурван долоо хоногийн дараа, АНУ-д тагнуулын хэргээр буруутгагдсан фцизикч Геннадий Захароваар сольж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
екатеринбург буюу хуучнаар свердловск хот бол цэрэг аж үйлдвэрийн хот, тагнуул хийсэн нь ортой л болов уу, харин Оросууд хэдэн жилийн хорих яо өгч байгаад хэнээр солио хийх нь сонин байна
2023-03-31
Орост дайныг эсэргүүцсэн 6 настай хүүхэд хүртэл Тагнуул ,Галзуу Солиотой гэдэг хэрэгүүдээр баривчлагдаж байхад америк англи хүнмуус бол хэн ч байсан дайсаншт
2023-03-31