СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна
2023-03-31

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, 4 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

 

 

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.

 

2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин