Дурлах долоо хоног: Хятадын оюутнуудад зориулсан хаврын амралт эхэлжээ
2023-03-31

Хятадын Fan Mei боловсролын группт харьялагддаг сургуулиуд гуравдугаар сарыэн 23-наас дөрөвдүгээр сарын нэгний хооронд оюутнуудаа амраахаар болжээ. Энэ нь оюутнууддаа зугаацах цаг гаргах боломж өгч байгаа хэрэг гэж сургуулийн захиргаа мэдэгдсэнийг  Insider мэдээлсэн байна.

 

"Оюутнууд байгальд зугаалж, амьдралыг хайрлаж, хайр дурлалтай учирна гэж найдан хаврын амралтын системийг нэвтрүүлж байна" хэмээн Меньянын нисэхийн мэргэжлийн коллежийн декан Лян Гохуи өгүүлжээ. Энэ хөтөлбөрт багтаж буй коллежууд нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг аж. Эдгээр сургуулиуд 2019 оноос эхлэн хаврын амралттай болсон ч энэ удаагийнх нь "хаврын үзэсгэлэнг мэдэрч, дурлацгаа" гэсэн романтик уриатай гэнэ.

 

Хятадад төрөлт эрс буурсантай холбоотойгоор төрөлтийг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэрэглэж байгаа энэ үед ийм уриатайгаар амралтыг эхлүүлсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Хятадад төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд 30 өдрийн "гэрлэлтийн амралт" олгох, хотын бүсгүйчүүдийг орон нутгийн ганц бие эрчүүдтэй танилцуулах арга хэмжээ зохиох зэргээр олон арга ашиглаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин