Дэлхийн хамгийн залуу зохиолч: Дөрвөн настай хүү номоо хэвлүүлжээ
2023-04-03

АНЭУ-д амьдардаг, дөрвөн нас 218 хоногтойдоо номоо хэвлүүлсэн хүү дэлхийн хамгийн залуу зохиолч болжээ. Энэ талаар Гиннесийн дээд амжилтын номын албан ёсны цахим хуудсан дээр мэдээлсэн байна. 

 

Саиду Рашед Альмхейри хүү "Саид заан ба баавгай" номоо хэвлүүлэхдээ дөрвөн нас 218 хоногтой байжээ. Хүүгийн ном мянга гаруй хувиар борлуулагдсаны дараа түүнийг Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн залуу зохиолчоор бүртгэсэн байна. Энэ номонд Саид заан ба цагаан баавгайны талаар гардаг аж.

 

"Заан цайлах гэж байхдаа цагаан баавгайг олж хараад, баавгай түүнийг идэх нь гэж бодно. Гэсэн ч түүнээс айлгүй сайхан сэтгэл гаргаад, хамтдаа цайлцгаая гэж хэлнэ. Тэгээд тэд нөхөрлөж, нэгэндээ сайхан сэтгэл гаргадаг" хэмээн хүү номныхоо талаар ярьжээ. 

 

Түүний гэр бүлд өөр нэг дээд амжилтын эзэн бий. Энэ бол түүний эгч Аль-Даби. Дөрвөн настай хүүгийн өгүүлснээр гагцхүү эгч нь түүнд ном бичих урам зоригийг өгсөн гэнэ. Түүний эгч Аль-Даби хоёр хэл дээр цуврал ном гаргасан хамгийн залуу эмэгтэй гэж Гиннесийн номонд бичигджээ. Тэрбээр найман настайдаа ийнхүү дээд амжилтын эзэн болсон байна.

 

"Би эгчдээ маш их хайртай. Би эгчтэйгээ байнга тоглох дуртай. Бид хамтдаа уншиж, зурж, бичин, олон сонирхолтой зүйл хийдэг. Эгчээсээ урам зориг аваад, би ч гэсэн өөрийн ном гаргаж болох юм байна гэж бодсон" хэмээн Саид ярьжээ.

 

Ээж, эгчээрээ унших, бичихийг заалгасан хүү номын баатруудаа дүрслэн бичихийн дээр тэднийг зурах дуртай гэнэ. "Саид Заан ба баавгай" ном нь зохиолчийн замналынх нь эхлэл бөгөөд тэрбээр хоёр дахь номоо бичээд эхлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин