Он хуучин гишүүн парламентаас шахагдах вий

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн нэг шалтгааныг олжээ. Түүнийхээр татвар багатай, хямд машинууд Улаанбаатарын түгжрэлийг бий болгож байгаа бөгөөд зам бариад ч ахиц гарахгүйг ярьжээ. Тиймдээ ч хямд үнэтэй, бага татвартай машинуудад анхаарал хандуулахаа цухуйлгаад авч. Өөрөөр хэлбэл монголчуудын нийтлэг хэрэглээ болсон приус зэрэг машины импортын татварыг нэмэх санаархалтай байгаагаа дуулгасан бололтой.
Хэдийнээс манай төрийнхөн түгжрэлд машиныг, буруу талдаа байрладаг жолооны хүрдийг буруутгасаар ирсэн. Өөрсдөө ямар ч буруугүй, өрөөлийн үйлдвэрлэсэн машин манай төрийнхөнд гай болдог гэсэн үг. Ц.Даваасүрэн ч машин гайтуулагчдын нэг аж.
Үнэн хэрэгтээ Япон улсын үйлдвэрлэсэн приус биш Монгол төр өөрөө түгжрэл үүсгээд байгааг өнөөдрийг хүртэл хэн нь ч ухаарсангүй. Улаанбаатар ямар ч төлөвлөлтгүй, зах замбаараагүй. Төр нь оновчтой зохион байгуулалт хийдэггүй, уялдаатай шийдвэр гаргадаггүй. Тэгсэн атлаа бусдын үйлдвэрлэсэн машиныг, үүнийг авч унасан иргэдээ буруутгадаг.
Хямд үнэтэй, татвар багатай машин бол приус, монголчуудын талаас илүү хувь нь ийм машинтай. Тэгэхээр Ц.Даваасүрэн сайд иргэдээ явгалж, нийслэлийн замыг чөлөөлөх бололтой. Он хуучин, хямд үнэтэй, татвар багатай, түгжрэлийн гол үүсгэгч зэрэг шалтгаанаар Улаанбаатарын замыг приусээс аврах юмдаг уу даа.
Гэхдээ эрхэм сайд хэлэх үгэндээ хямгатай байх нь зүйтэй. Сонгуулийн өмнөхөн иргэдийн эсрэг хөдөлж байж өөрөө Төрийн ордноос хөөгдөх вий.
Парламентад олон удаа сонгогдсон, он хуучин гишүүдэд тэсэж үлдэх орон зай тийм ч сэлүүхэн биш.
Иргэдийн саналаар УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож, элдэв эрх мэдэл, халдашгүй байдлыг хангалттай амсчихаад эцэст нь сайдын суудлаас унаж, парламентын гишүүнээс хөөгдөөд гарвал гунигтай.
Ц.Даваасүрэн сайд шинэ, хуучин оноор ялгасан ялгаагүй иргэдийн сонголт өөрчлөгдсөн. Өр тавиад ч хамаагүй он залуу машин унах сонирхолтой болсон. Тэгэхээр төрийн сайд та машинтай зууралдаж, иргэдийн хэрэглээ руу хуруу дүрж байхын оронд оновчтой бодлого, зөв шийдвэр гаргана уу.
Иргэдийн орлого, амьдралын чанар хангалттай буурч, худалдан авах чадвар доройтсон энэ үед татварын нэмэгдлээр шахсан улстөрч эерэг оноо авахгүй, эсрэгээрээ шахагдана. Яг л он хуучин, “хөгшин” машин шиг.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ