Роналду 2023 оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодров
2023-05-03

Хөлбөмбөгчин Роналду Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр 2023 оны топ-10 жагсаалтад Лионель Мессигийн өмнө бичигдсэн гэж Форбс сэтгүүл мэдээлсэн байна. 

 

Роналду сүүлийн 12 сарын хугацаанд 136 сая долларын орлого олсноос 90 сая долларыг төрөл бүрийн ивээн тэтгэх болон сурталчилгааны гэрээнээс олжээ. Өнгөрсөн оны сүүлээр Роналду "Ан-Наср" багийн бүрэлдэхүүнд багтаж, жилд 75 сая долларын цалинтай болсон юм. 

 

Өнгөрсөн онд энэ жагсаалтыг Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси тэргүүлж, Роналду хоёрдугаарт бичигдэж байлаа. Харин одоо Месси 130 сая долларын орлоготойгоор хоёрдугаарт бичигдсэн байна. Жагсаалтын гуравдугаарт 120 сая долларын орлоготой Килиан Мбаппе, 119,5 сая долларын орлоготой сагсан бөмбөгчин Леброн Жеймс нар бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин