Төрийн тендер гэх хүний аминд халтай хямд үнийг өөрчилье
2023-05-09

Монгол төрийн тендерийн хуулийн гол шалгуур нь үнэ. Чанар, стандарт бол дараагийн асуудал.

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль:

 

28.3.Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.

 

28.7.4.Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гээд үнэ нэн тэргүүний шалгуур гэдгийг хуульчлаад өгчихсөн.

 

Хэдий чинээ хямд үнэ хэлнэ, төдий чинээгээр манай төрийнхөнд таалагддаг. Хамгийн хямд үнэ, өртөгтэй л бол чөтгөрт ч хамаагүй ажлаа даатгадаг. Үүнээс болж төсвийн хөрөнгө хичнээнээрээ салхинд хийснийг тоочоод ч хэрэггүй биз.

 

Үнэ өртөг, төсвийн хөрөнгийг хэмнэх талаар ярьдаг байсан бол одоо хүний эрүүл мэндийн тухай ярих цаг нь болсон. Тендерийн хуульдаа хямд үнийг тунхаглаж, чанар, стандартыг хаясны горыг иргэд эрүүл мэнд, амь насаараа төлөх хэмжээнд хүрээд байна.

 

Сонгон шалгаруулалтаар төрийн ажил гүйцэтгэдэг компаниуд тендерийн хууль болохгүй байгааг хэлсээр байдаг. Барилгын салбарынхан “Барилгын материалын чанарт анхаарах хэрэгтэй”-г хэлдэг. Бичиг цааснаас илүү ямар бетон, арматур, цонх ашигласан, тэр нь стандартад нийцэж байгаа эсэхийг анхаарахыг шаардаж байна. Ажил гүйцэтгэгчид хямд өртөг биш чанар шаардаад эхэллээ. Одоо төр хариуцлагатай болж, ядаж тендерийн хуулиа өөрчлөх шаардлагатай байна.

 

Эм, эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал чанаргүй, стандартын шаардлага хангахгүй байгааг дээр, дооргүй ярьдаг. Өвдөлт намдаадаггүй эм, хавдар үүсгэдэг барилгын материалын тухай хэдийг хүртэл ярьж, хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар тоглох юм бэ?!  

 

Одооноос ч болтугай тендерийн хуульдаа хямд үнийг биш чанар, стандартыг нэн тэргүүнд тавья. Хамгийн бага үнэтэйг биш хамгийн чанартайг “сайн тендер”-т тооцож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхийг төр засгаас шаардаж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Багажийг техникийн үзүүлэлтээр нь биш хүндийн жингээр шалгаруулж байгаа төрийн байгууллагаасаа төр засаг ичээч. Тэгсэн чинь сангийн яам нь зөвшөөрөөд мөнгөний асуудал шийдээд сууж байдаг. Энэ төрд ямар боловсролтой хүмүүс ажиллаад байгаа юм вэ? Засгийн газрын гишүүдээ. Энэ тендерийн булхай чинь улайм цайндаа гарчихаад бна шүү дээ.
2023-05-09