Монтана ТикТокийг албан ёсоор хориглосон АНУ-ын анхны муж боллоо
2023-05-18

АНУ-ын Монтана мужийн захирагч Грег Жанфорте тус мужид ТикТок сүлжээ ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхэлнэ гэж Жанфорте Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

"Монтана мужийн оршин суугчдын хувийн мэдээллийг Хятадын Коммунист намаас хамгаалахын тулд би ТикТокийг хориглосон" хэмээн Грег Жанфорте бичжээ. Хуульд зааснаар, нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Монтана мужийн нутаг дэвсгэр дээр ТикТок апликейшн ажиллахгүй, мөн Apple App, Google Play зэрэг цахим дэлгүүрээс энэ мужид ТикТок апликпейшнийг татаж авах боломжгүй болох аж.

 

Цахим дэлгүүрүүд ТикТок апликейшнийг татаж авах боломж бүрдүүлвэл өдөрт л 10 мянган долларын торгууль хүлээх бол энгийн иргэдэд ямар нэг торгуул шийтгэл оноохгүй гэнэ.

 

АНУ-ын эрх баригчид Хятадыг америкчуудын хувийн мэдээллийг цуглуулахын тулд ТикТокийг ашиглаж байж болзошгүй гэж үздэг. 2022 оны сүүлээр АНУ-ын Конгресс холбооны агентлагуудад хамааралтай гар утас, бусад төхөөрөмжүүд дээр ТикТок ашиглахыг хориглосон хуулийн төслийг дэмжиж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин