Америкийн профессор 74 өдөр усан дор амьдарч, дэлхийн дээд амжилт тогтоожээ
2023-05-19

Америкийн Их сургуулийн профессор Жозеф Дитури усан доорх байшинд 74 өдөр амьдарснаараа дэлхийн дээд амжилтыг эвджээ. Энэ талаар Metro сонин мэдээлсэн байна. 

 

Профессор Жозеф Дитури Флоридад, есөн метрийн гүнд байх байшинд амьдрах туршилтаа 2023 оны гуравдугаар сард эхлүүлжээ. Тэрбээр усан доор 74 өдөр амьдарсныхаа дараа туршилтаа цааш үргэлжлүүлж, 100 өдөр болгохоор зорьж байгаа гэнэ. "Нептун 100 төсөл" нэртэй түүний туршилт зургадугаар сарын есний өдөр дуусах юм байна. 

 

Усан доорх энэ байшин нь шумбагч онгоцноос ялгаатай нь өндөр даралтад дасан зохицоход туслах технологи ашиглагддаггүй аж. Өмнө нь энэ байшинд Теннессигийн хоёр эрдэмтэн 2014 онд 73 өдөр хоёр цаг 34 минут амьдарч дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

 

Харин Дитури энэ байшинд зөвхөн дээд амжилт тогтоох гэж суурьшаагүй гэнэ. Багш, өмнө нь тэнгисийн офицер байсан, өдгөө био анагаах ухааны инженерийн салбарын докторын зэрэгтэй тэрбээр усан доорх байшинд амьдарснаар хүний бие организм удаан хугацааны туршид өндөр даралттай нөхцөлд хэрхэн өөрчлөгдөхийг судлах зорилготой аж. Тиймээс Дитури өдөр бүр хэмжитлт хийж, амин үзүүлэлт% биеийн эрүүл мэндээ үнэлэхийн тулд жижиг туршилтуудыг хийдэг юм байна. 

 

"Гүн тэнгисийн доктор" хочтой болсон Дитури тэнгисийн ёроолоос цахимаар хичээл, лекц ч оржээ. Түүний хичээлд 2,5 мянган оюутан хамрагдсан байна. Дитури усан дор туршилт хийхийн зэрэгцээ Өмнөд Флоридагийних сургуулийн тэнгис судлал, био анагаах ухааны инженерийн факультетын оюутнуудад хичээл заах үүргээ гүйцэтгэж байгаа нь энэ аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин