Хятадын эрдэмтэд 3D принтерээр хиймэл мах хэвлэн гаргажээ
2023-05-29

"Хятадын цахиурын хөндий" гэгддэг Жунгуаньцунд болж буй технологийн бага хурлын үеэр Хятадын эрдэмтэд 3D принтерээр хэвлэн гаргасан мах танилцуулжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Хиймэл мах боловсруулах технологийг Хятадын махан бүтээгдэхүүний цогц судалгааны хүрээлэн боловсруулжээ. Эрдэмтэд тэжээмэл шувуу эсвэл амьтдын булчингаас үүдэл эсийг ялган авч, түүнийгээ "мах"-ны хэрчим болтол нь хуруу шилэнд ургуулж, дараа нь 3D принтерээр "гахайн стейк" эсвэл "тахианы цээж мах" хэвлэдэг аж. Ийн хэвлэн гаргасан хиймэл мах амьтны уургаас бүрдэх тул ургамлын гаралтай махнаас зарчмын хувьд ялгаатай, энгийн махнаас огт ялгаагүй ч илүү аюулгүй гэж эрдэмтэд онцолжээ. 

 

Одоогоор Бээжин хотод энэ технологид зориулсан үйлдвэрлэлийн жижиг шугам байгуулж байгаа аж. Түүнчлэн жилд 10 тонн үйлдвэрийн хүчин чадалтай туршилтын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ энэ технологийг арилжааны зориулалтаар ашиглахад хараахан эрт гэж эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин