Иран, Талибаны мөргөлдөөн буюу усны төлөөх тэмцэл
2023-05-30

Бямба  гарагт Иран, Афганистаны хооронд гэнэт гарсан хилийн сөргөлдөөн дэлхий дахиныг цочирдуулав. Энэ хоёр орны хооронд сөргөлдөх шалтаг олон. Эдгээрийн хамгийн том нь Ираны мужуудын усан хангамжийн шийдэгдээгүй асуудлууд бөгөөд энэ нь Афганистаны буруугаас үүдэлтэй гэж Ираны эрх баригчид үздэг юм. 

 

Даваа гарагт Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди мэдэгдэл хийхдээ "одоогоор бидний хооронд ямар ч асуудал байхгүй. Хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээсэн, хил тайван байгаа" хэмээн бямба гарагийн үйл явдалтай холбоотой тайлбарыг хэвлэлийнхэнд өгчээ. Түүний өгүүлснээр, "мөргөлдөөн удаан үргэлжлээгүй, тэр дороо намжсан, талибуудтай хэлэлцээ" хийсэн гэнэ. 

 

Бямба гарагт болсон энэ мөргөлдөөний улмаас Ираны хоёр хилчин, талибуудын талаас нэг хүн амиа алджээ.  Тэд ийнхүү мөргөлдөөн эхэлсэн шалтгааныг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байв.

 

Иранчуудын мэдэгдсэнээр, талибууд "Сасоли" хилийн боомт руу буудаж эхэлсэн тул Ираны талаас шийдэмгий хариу өгсөн гэнэ. Харин талибууд Ираны цэргүүд эхэлж буудсан хэмээн мэдэгдэж байлаа.

 

Үүний араас Ираны Тасним агентлаг үйл явдал өрнөсний шалтгаан болох өөр нэг хувилбарыг дэвшүүлсэн нь хоёр талын хурцадмал байдлыг бага зэрэг намжаасан гэхэд болно. Мэдээлэлд өгүүлснээр, Афганистаны талаас Ираны нутаг руу хар тамхины наймаачдын цуваа нэвтрэхийг завдсан аж. Үүнийг Ираны хилчид илрүүлж, хил зөрчигчидтэй сөргөлджээ. Үүний дараа, хил дээр болсон асуудлыг хараахан ойлгоогүй байсан, хил дээрх талибууд Ираны хүч рүү буудаж эхэлсэн нь хоёр талын хооронд сөргөлдөөн үүсэх шалтгаан болсон гэж хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ. Өөрөөр хэлбэл хэн ч буруугүй, үл ойлголцол болсон гэсэн үг.

 

Хоёр талын сөргөлдөөний шалтгаан болох ус

 

Бямба гарагт болсон хилийн сөргөлдөөн энэ хоёр орны хооронд гарсан анхны сөргөлдөөн биш юм. Өмнө нь ч хоёр тал сөргөлдөж байсан, тэр дундаа 2021 оны 12 дугаар сар, 2022 оны зургадугаар сард сөргөлдөөн гарч байлаа.

 

Энэ удаагийн сөргөлдөөн нь усан хангамжаас үүдэлтэй. Тавдугаар сарын 18-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Систан, Белужистан мужуудад ажиллахдаа Кабулаас баруун зүгт байх Гиндукуш уулаас эх авдаг Гильменд голоос ус татах нөхцөлийг иранчуудад бүрдүүлж өгөхийг талибуудад уриалж байв. "Хожим харамсахгүйн тулд миний үгэнд нухацтай хандаарай" хэмээн тэрбээр мэдэгдэж байлдаа.

 

Ираны Систан, Белужистан мужуудын хувьд Гильменд гол усан хангамжийн гол эх үүсвэр юм. 1950-иад онд энэ гол дээр Афганистаны талаас Кажаки даланг барьсан юм. Дараа нь энэ далан дээр усан цахилгаан станц барив.

 

1973 онд маргаан удаан үргэлжилсний эцэст хоёр улс тал бүрээсээ гол ашиглалтыг зохицуулах механизм бүрдүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч 2021 онд Афганистаны төрийн эрхэнд талибууд гарсны дараа хангалттай хэмжээний ус авч чадахгүй байгаа гэж Иран мэдэгдэх болов.

 

Харин талибууд, усан сан дахь ус хангалтгүй байгаа тул Ираны муж хүртэл хангалттай хэмжээгээр хүрэхгүй байгаа гэж мэдэгдэж байлаа. Иран нөхцөл байдлыг үнэлэхийн тулд усан сан руу шинжээчдээ илгээхээр талибуудад шаардлага хүргүүлсэн ч талибууд татгалзсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaic
2023-05-30
Зочин:
Ирээдүйд дэлхийн улс орнууд хүн төрөлхтөн үржил шимт газар нутаг болон усны төлөө байлдах болно.
2023-05-30