2000 хүний үхэлд буруутай эрийг 20 жилийн дараа баривчилжээ
2023-05-30

Өмнө нь хууль сахиулагч байсан, 2000 хүний үхэлд буруутгагдаж буй эрийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас баривчлан саатуулжээ. Тэрбээр 20 жил нуугдсаны эцэст ийнхүү баривчлагдсан талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Түүнийг Фулгенс Каишема гэх бөгөөд Ньянге католик сүмд байсан эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүд, ахмад настнууд нийлсэн 2000 гаруй тутси дүрвэгчийг хөнөөх ажлыг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Тэрбээр 2001 оноос хойш хууль шүүхээс зугтжээ. Ингээд тавдугаар сарын. 24-ний өдөр Өмнөд Африкийн эрх баригчид болон НҮБ-ын мөрдөгчдийн хамтарсан ажиллагааны үеэр Фулгенсийг баривчилсан байна. Эхэндээ тэрбээр хайж буй хүн нь өөрөө биш гэж байсан ч эцэст нь "хэзээ баривчлагдахаа удаан хүлээлээ" хэмээн мэдүүлжээ.

 

"Фулгенс Каишема 20 гаруй жил зугтсан. Түүнийг баривчилснаар хийсэн гэмт хэргийнх нь төлөө шүүхийн өмнө зогсоох боломжтой болж байна" хэмээн Ерөнхий прокурор Серж Браммерц мэдэгджээ.

 

Каишема 1994 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго руу эхнэр, хүүхдүүд, хүргэний хамт зугтсан байна. Дараа нь Өмнөд Африкт ирж, 1999 онд хуурамч бичиг баримтаар орогнол хүсчээ. 2001 онд НҮБ-ын Олон улсын шүүх Каишемаг Руанда дахь тутси ардын төлөөлөгчдийг Кивумд үй олноор хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

 

Руанда дахь геноцид 

 

Руанда дахь үйл явдал нь хамгийн харгис геноцидүүдийн нэг байсан бөгөөд энэ үеэр гурван сарын хугацаанд 800 мянга орчим тутси, хут омгийнхны амийг хөнөөжээ. 

 

Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, энэхүү хядлагыг төлөвлөх, хэрэгжүүлэнх ажилд Каишема биечлэн оролцсон гэнэ. Тэрбээр 1994 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Кивуму дахь Ньянге сүмд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд гэсэн 2000 гаруй дүрвэгчийг хөнөөхөд оролцсон гэж хэргийн материалд өгүүлсэн байна. Тэрбээр дүрвэгчид орогнож байсан сүм рүү бензин цацаж, галдаад, дараа нь сүм шатаж байх үед бульдозероор нураан, хүмүүсийг амьдаар нь булшилж байжээ. Үүний дараа бусад хамсаатнуудынхаа хамтаар цогцоснуудыг сүмийн нутгаас зөөн, бөөнөөр нь булсан байна.

 

Поль Кагамегийн тэргүүлсэн Руандагийн Эх оронч фронтын цэргүүд хуту босогчдыг ялж, Руанда улсыг хяналтдаа оруулсны дараа энэ улсад хүмүүсийг хөнөөх байдал зогссон юм.

 

Ердөө гучаадхан жилийн өмнө болсон энэ хэрэг дэлхийн түүхийн хуудсан дахь томоос том хар толбо болсон. Руандад удаан хугацааны туршид хут, тутси аймгууд дайсагналцсаны үр дүнд ийм эмгэнэлт хэрэг гарсан юм. Энэ улсын хүн амын 85 хувь нь хут, харин тутсичууд 15 хувийг бүрдүүлж байв. Тутси аймгийнхан цөөхүүлээ хэдий ч тэднийг үргэлж захирагч анги гэж үздэг байв. Үүний дүнд 1990 онд эхэлж гурван жил үргэлжилсэн иргэний дайн үүссэн юм.

 

Эрх баригчид үзэн ядсан дайснууд болох тутсичүүдийг устгаж эхэлсэн бөгөөд тэдэнтэй тулалдахаас татгалзсан ард түмэндээ хүртэл халдаж байсан гэдэг. Тутсигийн тухай хаа сайгүй суртал ухуулга явагдаж, тутси эмэгтэйчүүдийг хүчирхийлж, эрэмдэглэн, хүчил цацан тарчлаан алсаар байв. Хамгийн харгис хэрцгий хэрэг бол 15 мянган хүнийг бөөнөөр нь хөнөөхөөр цэнгэлдэх хүрээлэнд хашсан явдал байв. Нулимс асгаруулагч хийгээр тал талаас нь шүршиж, нэгэн зэрэг буудаж, гранат дэлбэлж байв.1994 онд Руандад болсон угсаатны мөргөлдөөн нь 800 мянга гаруй хүний ​​аминд хүрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин