Хятадын гурван сансрын нисэгчийг суулгасан хөлөг хөөрлөө
2023-05-30

БНХАУ "Шэньжоу-16" жолоодлогот сансрын хөлгийг тойрог замын станцруугаа хөөргөжээ. Энэ хөлөгт гурван сансрын нисэгч байгаа талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын баруун хойд нутагт байх Жюцюань нисэх буудлаас "Чанжэн-2F" пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар сансрын хөлгийг хөөргөжээ. хөлөг онгоц тойрог замд орсон бөгөөд автомат горимоор "Тяньгун" станц руу чиглэж байгаа аж. Улмаар "Тяньхэ" суурь модульд автомат горимоор залгагдах гэнэ. 

 

Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Жин Хайпэн, Гуй Хайчао болон Жу Янжу нар багтаж байна. Тэд тойрог замын станц дээр таван сарын хугацаанд ажиллах аж. Хөлгийн багийн дарга Жин Хайпэний хувьд энэ нь дөрөв дэх нислэг бол үлдсэн хоёр сансрын нисэгч нь анх удаа сансарт нисэж байгаа нь энэ.

 

Ийнхүү хятадууд сансарт хөөрснөөр тойрог замд байгаа хүний тоо 17 болж байна. Тодруулбал, зургаан хятад, гурван орос, таван америк, Саудын Арабын хоёр нисэгч, АНЭУ-ын нэг нисэгч гээд нийт 17 хүн байгаа нь тойрог замд нэг дор ийм олон байгаа гэдгээрээ дээд амжилт тогтоож байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин