Европт Твиттерийг хааж болзошгүй
2023-05-30

Худал мэдээлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн шинэ журам нэвтрүүлэхгүй бол Америкийн Твиттер олон нийтийн сүлжээг Европын холбооны нутаг дэвсгэр дээр хааж болзошгүй гэнэ. Энэ талаар Францын Теле харилцааны сайд Жан-Ноэль Барро мэдэгдсэнийг France Info дамжуулжээ.

 

"Твиттер манай дүрэм журамд нийцүүлэн ажиллахгүй бол түүнийг Европын холбоонд хаана" хэмээн Борро мэдэгдсэн байна.

 

Хэд хоногийн өмнө Твиттер цахим худал мэдээллийн эсрэг Европын журмаас сайн дураар гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ журмыг 2018 онд боловсруулж байв. Харин энэ удаад шинэ журам үйлчлэх бөгөөд олон нийтийн сүлжээнүүд худал мэдээлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн шинэ журам 2023 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Шинэ журмын дагуу олон нийтийн сүлжээнүүд "хууль бус контент"-ыг устгах, "хүүхдүүд рүү чиглэгдсэн сурталчилгааг хориглох" ёстой аж. Журмыг зөрчсөн этгээдүүдэд эргэлтийн мөнгөний зургаан хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноох бол зөрчлийг давтан гаргавал Европын холбоонд тухайн олон нийтийн сүлжээг хаах аж.

 

"Наймдугаар сарын 25-наас өмнө Твиттер Европын энэ журмыг биелүүлэхийг би хүсч байна. Үгүй бол энэ сүлжээг Европт дэмжихгүй" хэмээн Жан-Ноэль Барро мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин