Навальныйн төрсөн өдрөөр бөмбөлөг барин явж байсан хүмүүсийг баривчилжээ
2023-06-05

Оросын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг, түүнийхээ төлөө олон хэргээр буруутгагдаж, өдгөө шоронд ял эдлэж буй сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн төрсөн өдөр зургадугаар сарын дөрөвний өдөр тохиожээ. Энэ өдөр Навальныйн дэмжигчид Орост төдийгүй дэлхийн олон хотуудад жагсаал зохион байгуулсан байна. Жагсаалын үеэр Орост олон хүн баривчлагдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орост төдийгүй дэлхийн олон оронд Навальныйг дэмжсэн жагсаал болж, Алексей Навальный олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулж өөрийг нь дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлсэн байна. 

 

"Өнөөгийн нөхцөлөө харахад өөрт минь хүнд байна гэж би бодохгүй байгаа, энэ бол хийх ёстой ажил. Ямар ч ажил таагүй зүйл байдаг шүү дээ, тийм ээ? Яг л ийм таагүй зүйл миний дуртай ажилд тохиож байна" хэмээн Навальный бичжээ.

 

Оросын сөрөг хүчний улс төрч Навальный есөн жилийн хорих ял авч, чанга дэглэмтэй хорих ангид хориглож байгаа юм. Түүний төрсөн өдрөөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах санаачилгыг Навальный үндэслэсэн Авлигатай тэмцэх сан гаргажээ. Энэ сан олон нийтийн сүлжээнд бичсэн постуудад "Навальныйн тухай ярих"-аас эхлээд хамгийн эрсдэлтэйд тооцогдох "гадаа гарч эсэргүүцэл илэрхийлэх" зэрэг эсэргүүцлийн төрөл бүрийн арга хэмжээнд нэгдэхийг уриалсан байна.

Навальныйг дэмжсэн төрөл бүрийн эсэргүүцлийн арга хэмжээний үеэр Орос даяар нийт 100 орчим хүн баривчлагдсанаас талаас илүү хувь нь Москвад саатуулагджээ. ОВД-Инфо сайтын мэдээлснээр, саатуулагдсан хүмүүсийн ихэнх нь Навальныйг дэмжсэн хуудас барин, ганцаарчилсан эсэргүүцлийн акц хийснийхээ төлөө саатуулагдсан аж.

 

Гэхдээ ил тодоор эсэргүүцлээ илэрхийлээгүй, зөрж өнгөрч явсан хүмүүсийг ч саатуулж байсан талаар СОТА мэдээлжээ. Тухайлбал, Москва хотод Пушкиний талбай дээр бичиг баримтаа үзүүлэхээс татгалзсан хүмүүсийг цагдаагийнхан саатуулсан бол мөн энэ талбай дээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэсэн бичигтэй бөмбөлөг барин зугаалж явсан бүсгүйг саатуулж, цагдаагийн хэлтэс хүргэсэн гэнэ.

Харин зарим тохиолдолд үзэл бодлоо ил тодоор илэрхийлсэн хүмүүс саатуулагджээ. Тухайлбал, Калининград хотод "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Алексей" гэсэн бичигтэй бөмбөлөг барин талбай дээр зогсож байсан эрийг саатуулсан бол Казань хотод Free Navalny буюу "Навальныйг сулла" гэсэн бичигтэй футболка өмсөн "Улс төрийн хоригдлуудыг чөлөөл" гэсэн бичигтэй цаас барин зогсож байсан бүсгүйг саатуулсан байна. Мөн Петербург хотод "#Free Navalny. С ДР" буюу "Навальныйг чөлөөл, төрсөн өдрийн мэнд хүргэе" гэсэн бичиг бүхий хуудас барьсан эрийг мөн л саатуулжээ.

 

Зургадугаар сарын дөрөвний өдөр буюу Алексей Навальныйн төрсөн өдрөөр түүнийг дэмжсэн жагсаал дэлхийн бусад  хотуудад ч болсон байна. "Команда Навального"-ийн мэдээлснээр, Гүржийн Батуми, Тбилиси, Арменийн нийслэл Ереван, Туркийн Самсун, Францын Марсель, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Черногорын Херцег-Нови, Испанийн Аликант% Таиландын Панган, Австралийн Аделаида хотуудад Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн акц зохион байгуулжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эрх чөлөө няат
2023-06-05