Авлига, албан тушаалын найман хэргийг прокурорт шилжүүллээ
2023-06-05

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна.

 

 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

 

  • Хилийн цэргийн ...-р ангийн удирдах албан тушаалтан “Б”, “Ч” нар бусдаас хахууль авсан гэх;

  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх;

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан тушаалтан “Э” нь гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх;

  • Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэх;

  • Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан “Э” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа ашиглаж нийт 36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АТГ төрийн тендерийн техникийн хүчин чадлаар биш, хүндийн жин, хэлбэр галбир, дотоод бүтцээр нь шалгаруулж байгаа тендерийн хаагуур нь яваад бна вэ? Энэ бол ихэвчлэн төрийн байгууллагын тендерийн үйл ажиллагаанд явж байгаа шүү дээ. Ард түмний дунд ил болсон. АТГ ард түмнээсээ асуугаачээ, өөрсдөө чаддаггүй юм бол... Ард түмэн чинь хэлээд бна шүү дээ.
2023-06-05