"Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай"
2023-06-05

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэлээ танилцуулсан. Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь болгож, зөрүүг арилгана. Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулж, статусыг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд тэмдэглэв.  


Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтантай байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт 47.7 тэрбум төгрөг батлагдсаны дийлэнх нь цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал байсныг салбарын төлөөллүүд Ерөнхий сайдад уламжилж байлаа. Түүнчлэн, эрдэм шинжилгээ, туршилт, зүгшрүүлэлтийн ажлын санхүүжилт сүүлийн таван жилд нэмэгдээгүй, нэг судалгаанд зарцуулах зардлын хэмжээ 14.4 сая төгрөг байгаа нь судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг ч дурдаж байв. 

 

 

Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК, ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.


Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэлээ.  


Тэгвэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг "МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна.


Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.

 


 
 
 

Shuud.mn
Сонин хачин
Шинжлэх ухааны байгууллага эрдэмтдийн хийсэн ажлыг үйлдвэржүүлэх хөтөлбөр боловсруулж ажилла
2023-06-05
Ямар мэдлэг бэ:
Төр засагт л ашиглуулах мэдлэг үү, хэрэгтэй мэдлэг байвал хэн ч аваад ашиглана шүү дээ, ингэж худлаа ярих хэрэггүй. Хэрэгтэй бол бизнесийнхэн аваад ашиглана шүү дээ. Хэнд ч хэрэггүй мэдлэгээр яах юм бэ
2023-06-05
ШУ ГЭСЭН НЭРНЭС ЦАШГУИ МАЛНУУД
2023-06-05