Америкчуудын чадаагүйг талибууд амжуулж, намуу цэцгийн талбайг устгаж байна
2023-06-07

АНУ 20 жил Афганистанд цэргээ байршуулж, тусгай ажиллагаа явуулсны дээр энэ улсыг дэлхийн хар тамхины гол нийлүүлэгчдийн нэг гэсэн статусаас ангижруулах гэж хичээж байв. Гэсэн ч америкчууд үүнийг хийж чадаагүй, харин талибууд опиумын түүхий эд болсон намуу цэцгийн талбайг устгаж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

ВВС агентлагийн сурвалжлагчид Афганистанд ажиллан, Талибан хөдөлгөөнийхөн намуу цэцгийн талбайг хэрхэн устгаж байгааг сурвалжилжээ. Энэ сурвалжилгад өгүүлснээр, Талибан хөдөлгөөнөөс томилсон, Нангархар мужид хар тамхитай тэмцэх отрядын дайчид намуу цэцгийн талбайг устгаж байгаа гэнэ. 

 

2022 оны дөрөвдүгээр сард талибуудын удирдагч Хайбатулла Ахундзада героины гол найрлага болсон опиум гарган авдаг намуу цэцэг тариалахыг хатуу хориглсоон тушаал гаргасан юм. Энэ журмыг зөрчсөн этгээдийн талбайг устгаж, өөрийг нь шариатын хуулиар шийтгэнэ. Опиум хүн амд хортойгоор нөлөөлж, хар тамхийг түгээн дэлгэрүүлэх нь шашны итгэл үнэмшилтэй зөрчилдөж байгаа тул хатуу хориг тавьсан гэж талибууд мэдэгдэж байлаа. 

 

Афганистан дэлхийн опиумын 80 гаруй хувийг хангаж байв. Афганистаны опиумаас гарган авсан героин Европын зах зээлийн 95 хувийг эзэлдэг юм. Харин талибууд төрийн эрхэнд гарч, хар тамхины ургамал тариалахыг хориглосноор намуу цэцгийн тариалалт эрс багасчээ. 

 

Шинжээчдийн өгүүлснээр, энэ онд Афганистанд намуу цэцгийн ургац өнгөрсөн онтой харьцуулахад 80 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Намуу цэцгийн оронд фермерүүд улаан буудай тариалж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь тэдний хувьд ашиг багатай, санхүүгийн хувьд хүндхэн байгаа тул хоригийг зөрчих хүмүүс гарсаар байгаа аж. 

 

Анх талибууд АНУ Афганистан руу цэргээ оруулахаас нэг жилийн өмнө буюу 2000 онд опиум тариалахыг хориглож байлаа. Дараа нь АНУ Афганистаны хар тамхины ургамлын тариалалтыг устгахын тулд хэдэн тэрбум доллар зарцуулж байв.

 

Түүнчлэн талибуудын хяналтад байсан нутаг дээрх намуу цэцгийн талбай дээр америкчууд бөмбөг хаяж, опиумын нөөцийг шатааж, хар тамхины лабораториудад тусгай ажиллагаа гүйцэтгэж байсан юм. Гэсэн ч АНУ-ын дэмжлэгтэй Афганистаны эрх баригчдын хяналтад байх нутаг дэвсгэрүүд дээр намуу цэцгийг чөлөөтэй тариалж байв.

 

Харин энэ удаад Талибан хөдөлгөөн барууныхны хийж чадаагүйг Афганистанд хийжээ. Гэхдээ намуу цэцгийн тариалалтад тавьсан энэ хориг хэр удаан үйлчлэх нь одоогоор тодорхойгүй.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв ану лалуудыг хар тамхинд оруулж мөхөөхийг хүссэн ч бүтсэнгүй. Идэх хоолоо тарьсан нь дээршд хороор юугаа хийнээ. Хүний бие эмзэг шдээ жоом шиг бат бөх биш
2023-06-08
Эрдэнэ:
Америкчууд өөрсдөө тарьдаг болоод чадаагүй байхаа кккк
2023-06-07
Афганистаны хар тамхины тариалалтыг дэмжин дэлгэрүүлж хөгжүүлсэн улс чинь АНУ өөрөө шүү дээ, тэдний ТТГ энд голлох үүрэг гүйцэтгэсэн юм даа.
2023-06-07
Хүн хүнийг сайн сайхан болгох гэх амар биш, харин хүн өөрөө ухаараад сайн сайхан болно гэвэл энэ нь илүү амар байдагийн жишээ. тэгмээр дээ. Дэлхий ертөнцөд сайн сайхнаа харуулахгүй бол аймшигтай мэдээ л гардаг шүү. Охид бүсгүйчүүдээ сургаж,эрх чөлөөтэй, аз жаргалтай улс орныг бий болгох хэрэгтэй ш дээ.
2023-06-07