"Элсэгчдийн хар дарсан зүүд" гэгддэг Хятадын гаокао шалгалт хэрхэн явагддаг вэ
2023-06-07

БНХАУ-д өнөөдөр  "гаокао" эхэллээ. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид өгдөг манай улсын элсэлтийн ерөнхий шалгалттай адил үндэсний хэмжээний шалгалт юм. 

 

Хятадад "гаокао" эхлэх үеэр хүүхдүүд шалгалтаа тав тухтай өгөх, шалгалтдаа амжиж очихын төлөө бүхнийг хийдэг аж. Тухайлбал, шалгалтын өдрүүдэд элсэгчдийн зорчиж явсан хээврийн хэрэгсэл зам тээврийн осолд өртөх зэрэг тохиолдол гарвал цагдаагийнхан энэ хэргийг маш шуурхай шийдвэрлэнэ гэж  Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдэгдсэн байна. Түүнчлэн элсэгчид шалгалтдаа амжиж ирэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шалгалт авч буй газрын ойролцоох замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, түгжрэл үүсгэхгүй гэж амалжээ. Үүний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд шуурхай зорчин өнгөрөх зурвасуудыг тусгайлан гаргаж, элсэгчдийг зөөж, тэдэнд нэн шуурхай тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Элсэлтийн шалгалт авах үеэр шалгалт авч буй газрын ойролцоо замын хөдөлгөөнийг зөрчих, шалгалт авахад саад болохуйцаар дуут дохио хангинуулах, чимээ шуугиан гаргасан этгээдүүдэд хатуу шийтгэл онооно гэж анхааруулжээ. Гаокао шалгалт авах үеэр шалгалтын байрыг цагдаагийнхан болон цэргүүд хамгаалдаг аж.

 

Энэ жил 13 сая элсэгч энэ шалгалтыг өгөхөөр болсон байна. Сурагчдын хувьд "хар дарсан зүүд" гэгддэг энэ шалгалтын эхний өдөр хятад хэл, математик, хоёр дахь өдөр нь хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухааны хичээлүүд, гурав дахь өдөр нь гадаад хэлний шалгалт өгдөг гэнэ. Элсэлтийн шалгалтаар авах хамгийн дээд оноо нь 750 байдаг аж.

Шалгалтын үеэр хуулах ямар ч боломжгүй. "Шипи" бэлдэж ирсэн бол тэр дор нь танхимаас хөөж, гурван жил шалгалт өгөх эрхгүй болдог гэнэ. 2015 оноос эхлэн БНХАУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт заалт оруулж, гаокао шалгалтын үеэр луйвар хийвэл эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн, долоо хүртэлх жилийн ялтай байхаар тусгажээ.  Шалгалтын үеэр гар утас ашиглах боломжгүй, орох хэсэгт металл илрүүлэгчээр элсэгчдийг шалгаж, утас, бусад төхөөрөмжүүдийг бүгдийг нь хураахын дээр сүлжээ унагаах төхөөрөмж ашигладаг юм байна. Сүлжээ унагаах төхөөрөмж ажилладаг тул шалгалт авч буй газрын ойр орчимд ч үүрэн холбооны сүлжээ доголддог, тиймээс үүрэн холбооны операторууд хэрэглэгчдэд урьдчилан анхааруулга явуулдаг гэнэ.

 

Шалгалт авах өдрүүдэд тусгай албад интернет орчинг бүтэн өдрийн туршид хянаж, шалгалттай холбоотой аливаа мэдээллийг цахим ертөнцөд тархахаас сэргийлдэг юм байна. Шалгалт авах өдрийн өглөө нь замын цагдаагийн газар хотын иргэдэд хандаж элсэгчдийн хөдөлгөөнд саад болохгүйн тулд хувийн машинаасаа татгалзан, автобус метрогоор үйлчлүүлэхийг уриалдаг гэнэ.

Харин хүүхэд нь шалгалт өгч байгаа эцэг эхчүүд ажлаасаа чөлөө аван, хүүхдүүдээ шалгалтад нь хүргэж өгч, дараа нь өдөржин тэнд нь хүлээдэг. Энэ шалгалтад олон сар жилээр бэлдсэн хүүхдүүд оюуны хэт их ачаалал авахын дээр сэтгэлзүйн цочирдлын улмаас шалгалтын үеэр бие нь муудах тохиолдол гардаг тул шалгалт авах байранд эмч нар жижүүрлэдэг аж. 

 

Асар их хүн амтай Хятадын хувьд их дээд сургуульд элсэн орох нь ширүүн өрсөлдөөн тул энэ өрсөлдөөн дундаас сугарч гаран, хүссэн сургуульдаа орохын тулд хүүхдүүд төдийгүй гэр бүлээрээ хичээн, ихээхэн ачаалалтай бэлдэж өнгөрөөдөг байна. Тиймээс хэт их ачааллын улмаас ядарсан, өвдсөн элсэгчид шалгалт эхлэхийн өмнөх өдрүүдэд л Хятадын уламжлалт эмнэлгүүд, сэтгэлзүйчдийн гадаа урт дараалал үүсгэн зогсдог аж. Тэд хэт их цочирдсон, нойргүйдсэн, ядарсан гэсэн зовуурьтайгаар мэргэжилтнүүдэд ханддаг байна. Үүний зэрэгцээ гаокао шалгалтаар хангалтгүй дүн авсны улмаас амиа хорлох тохиолдол ч жил бүр гардаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин