БНХАУ-д төгсөгчдийг ажлын байраар хангах аян эхэлжээ
2023-06-07

БНХАУ-д төгсөгчдийг дэмжих аян эхлүүлж, энэ аяны хүрээнд шинээр төгсөгчдөд ажлын байр олоход нь туслах болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах 100 өдрийн аян эхэлсэн бөгөөд энэ аяны дүнд 10 сая залуу мэргэжилтнийг ажлын байраар хангах зорилт дэвшүүлсэн байна. Аяны хүрээнд ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулж, ажил олгогчид болон залуу мэргэжилтнүүдийг цахимаар холбох ажлуудыг зохион байгуулах аж. 

 

Төрийн байгууллагуудын бүх шатандаа нэг сая хүртэлх дадлагажигчийг авч ажиллуулахаар болжээ. Түүнчлэн их дээд сургууль дөнгөж төгссөн, бизнесийн гараагаа эхлүүлж буй залууст дэмжлэг олгоно гэж Хятадын эрх баригчид амалсан байна. 

 

Энэ онд Хятадын шинэ төгсөгчдийн тоо 11,58 саяд хүрсэн нь өмнөх жилүүдэд гарч байгаагүй үзүүлэлт юм. Ийнхүү төгсөгчдийн тоо ихээр нэмэгдсэн нь залуусын дунд ажилгүйдэл их байдаг энэ улсын хөдөлмөрийн зах зээлд нэмэлт дарамт болж байгаа талаар ажиглагчид онцолдог. Хятадад энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 16-24 насныхны ажилгүйдэл 20,4 хувьд хүрсэн байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин