Зуны амралтаа бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 7 зөвлөмж
2023-06-09

 

 

 

Баасан гарагийн мэнд. Урин цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын өдөр эхэллээ. Өнөө өглөө иргэд илүү тайван байж, автобусандаа амжиж, багтаж сууж харагдана. Мөн өглөөний агаарт зарим иргэд ажилдаа алхаж явна. Зуны сайхан цаг ирж хүүхэд багачууд амарч, хичээлээ хийхээс гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх цаг зав гарч ирлээ. Тиймээс зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх болон өөрт зөв дадал зуршил суулгах боломжтой санаануудыг хүргэж байна. 

 

 

Бужо хөтөлж шинэ дадалтай болох 

 

Bullet Journal гэж чухам юу юм бол?  Энэ бол ямар нэг зураг зурдаг дэвтэр биш юм. Тухайн хүн гоё сайхан зураг зурахдаа биш. Дэвтэр дээрээ системтэйгээр өдөр тутмын хийх ажил, эвент, зорилго, мөрөөдөл гээд хийхийг хүссэн бүхий л зүйлсээ хөтөлж, удирдаж явахыг хэлж байгаа юм. Ерөнхийдөө бол Бужо-г өдрийн тэмдэглэл, хийх ажлын жагсаалт, хүслийн самбар гээд ямар ч байдлаар ашиглаж болно. Өдрийн, долоо хоногийн, сарын, жилийн ажлаа ерөнхий байдлаар нь төлөвлөхийн зэрэгцээ унших ном, үзэх кино, аялах газар гээд зөвхөн чамтай холбоотой зүйлсийг нэг нэгэнгүй тэмдэглэх боломжтой. Өөртөө суулгахыг хүсэж байгаа дадал зуршлаа цаасан дээр буулган, Бужо-ийн тусламжтай өөрийнхөө жижигхэн ертөнцийн хүлгийн жолоог хүссэнээрээ удирдаж, жолоодох эрх чөлөөтэй болж чадах юм.

 

Вullet journal хөтлөхийн давуу талууд

 

  • Цагийн менежментийг сайжруулж чадна.
  • Аливаа зүйлд зохион байгуулалттай байх бөгөөд гэнэтийн зүйлд бэлэн байна. 
  • Та өөрийн ойрын болон холын зорилгоо төлөвлөхөд тусална.
  • Ямарваа нэгэн зүйлийг олон талаас харж, сэтгэж чөлөөтэй болоход тусална. 
  • Ингэснээр та амжилт гаргахад илүү дөхөм болно.
  • Зөвхөн өөрийнхөө загвар дизайнараар дэвтрээ хөтлөж байгаа учраас өөрийгөө илэрхийлэх чадамж, сэтгэлгээ, бичих зурах зэрэг олон чадварыг өөрт суулгаж сурах гэх мэт олон давуу талтай. 
     

 

Шинэ хэл сурч эхлэх


Өнөөгийн цаг үед шинэ хэл сурах нь маш хялбар бөгөөд бүгдэд хүртээмжтэй зүйл болсон билээ. Та уйтгартай дүрэм сурахыг хүсэхгүй байгаа бол гадаад хэл дээр цуврал үзэх, ном унших, гадаад хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр харилцах зэрэг олон боломжуудаас сонголтоо хийгээд шинэ хэлээ сураарай.

 


Зурах, ном унших, гар урлал хийх


Дуулах, бүжиглэх нь сонирхол татахгүй бол ном унших, зурах гэх мэт илүү тайван, оюун ухаан, бүтээлч байдалд чиглэсэн зүйлс хийж болно.

 


 

Аялалд гарах 


Амралтаараа шинэ газар нээж, очиж үзээгүй орчиндоо орох шиг бүтээлтэй зүйл гэж үгүй. Аялал бидний нүдийг нээж, өөр ертөнц, өөр өнцөг, өөр өнгийг санал болгодог. Цоо шинэ адал явдал бидэнд бүтэн жилийн турш эрч хүчтэй-бүтээмж дүүрэн ажиллах урам зоригийг өгдөг билээ.

 

Хамгийн гол нь зөв, үр бүтээмжтэй төлөвлөлт чухал гэдгийг сануулъя. Хаашаа явах, хэрхэн явах, юу хийх гэдгээс эхлээд хэр их мөнгө зарах, хэдий хэр хугацаа зарцуулах зэрэг энгийн зүйлсээс төлөвлөлт эхэлнэ. Аялахаар явах гэж буй газраа судалж, очиж байсан туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, интернетээр тарсан сэтгэгдэл, саналуудыг шүүх нь таныг гэрийн даалгавраа амжилттай давахад тань туслах болно.

 


Шинэ зүйл туршиж үзэх


Зуны амралтын хэсэгхэн хором таныг удаан бодсон, төлөвлөсөн, санаандаа төсөөлсөн шинэ зүйлсээ туршиж үзэх төгс талбар. Шүхрээр буух, гольф тоглож сурах, шинэ бялуу туршиж үзэх зэрэг "хөгжилтэй" үйлүүдийг яг одоо л хийхгүй бол хэзээ хийнэ гэж? Санаа нийлэх андуудыгаа уруу татаж, хамтдаа туршиж үзвэл мартагдашгүй амралт болохгүй гэж үү?

 

Үүнээс гадна урт хугацаанд үр дүн нь гарах ажлуудаа ч эхлүүлж болно. Найзуудтайгаа нийлж шинэ төсөл эхлүүлэх, эргэн тойрондоо нөлөөлөл үзүүлэх нийгэм рүү чиглэсэн санаачлага гаргах зэрэг бүгд үүнд багтана. Цаг байгаа учир хангалттай төлөвлөж, хангалттай алдаж, хангалттай шинэ зүйл сурах боломж амралтаар тохиодог юм шүү.

 


Унтлагын цаг тааруулах 


хэнх хүмүүсийн зуны амралтаараа гаргадаг алдаа бол нойроо чөлөөтэй тавих байдаг. Нэгэнт өглөө эрт босох шалтгаан үгүй болсон тул хүссэнээрээ орондоо хөрвөөж, үд болтол унтах нь хэнд ч таатай санагдах нь гарцаагүй. Гэхдээ олон өдөр дараалж хэт их унтах нь таныг хэт назгайруулж, өдөр тутмын хэмнэлд тань нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Зуны амралтаараа заавал үүрийн жингээр босох ч хэрэг үгүй. Тогтмол, сахилга баттай байх нь л чухал.

 

Үр бүтээмжтэй байна гэдэг бол зөвхөн ажилтай л холбогддог ойлголт биш. Энэ бол өдрийг эрчтэй хүчтэй, эерэг сэтгэл зүйтэй өнгөрүүлэх тухай ойлголт. Өөртөө болон эргэн тойрондоо эергээр нөлөөлж, тэр хэрээрээ хийж буй ямар ч зүйлдээ ахиц гаргах юм гэдгийг ухамсарлах нь чухал. Тиймээс өглөөний цэнгэг агаар, нарны аагим гэрлийг өөртөө шингээн, өдрийг гэгээлэг эхлүүлж байхыг зөвлөж байна.

 

Өглөөний цаг бол танд ховор олдох, өөртөө зориулах цаг юм. Нар мандах хүртэл ямар нэг сатаарах зүйл гарахгүй, хэн ч тан руу холбогдож, чат бичиж, имэйл ирүүлэхгүй, бас сошиал сайтууд хоосон байдаг учир дэмий ухаж цаг үрэх шаардлага гарахгүй. Тэр цагаа юунд зарцуулах вэ гэдгээ л шийдэх хэрэгтэй дээ.

 


Сайн дурын ажил хийх:

 

Сайн дурын ажил танд сайхан дурсамж хийгээд шинэ зорилго бий болгох болно. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцаж төлөвлөөд сайн дурын ажилд нэгдээрэй. Энэ нь таны амьдралыг харах өнцгийг өөрчлөх төдийгүй, шинэ дурсамж бүтээнэ. 

Shuud.mn
Сонин хачин