Вагнерчуудад барьцаалагдсан Оросын хурандаа: Намайг хонгилд хорьж, тамлаж байсан
2023-06-09

Украины эсрэг нэг фронт дээр дайтаж байгаа Оросын Зэвсэгт хүчин болон Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын хооронд сөргөлдөх тохиолдол нэг бус удаа гарч байсан. Харин сүүлд, Оросын Зэвсэгт хүчний дэд хурандаа Роман Винивитинийг Вагнер компанийн дайчид баривчилсан нь ихээхэн дуулиан тарьж байна. 

 

Вагнерчуудад баривчлагдсан дэд  хурандаа Роман Винивитин хувийн цэргийн компанийн хөлсний дайчид түүнийг тамласан хэмээн буруутгасан бол энэ компанийн эзэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожинийг "Оросын армийн нэр хүндэд халдсан" хэмээн буруутгажээ. Энэ талаар тэрбээр дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэнийг BAZA телеграм суваг дамжуулсан байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт Пригожиний хэвлэлийн алба мэдэгдэл хийж, вагнерчууд Бахмутаас явах үед Оросын цэргийн алба хаагчид ар талд зам минижүүлж байгааг харсан, вагнерчууд замыг минигүйжүүлэх гэж оролдох үедээ суманд өртөж, тулаан өрнөсөн бөгөөд улмаар Оросын 72 дугаар мотобуудлагын бригадын дэд хурандаа Роман Винивитинийг баривчилсан хэмээн мэдэгдэж байв.

 

Үүний дараа Вагнер компанийн хэвлэлийн алба баривчлагдсан дэд хурандааг байцааж байгааг харуулсан дүрс бичлэг нийтэлсэн юм. Винивитин мэдүүлэг өгөхдөө, тавдугаар сарын 17-ны өдөр цэргүүддээ хөлсний цэргүүдийн бүлгийн машиныг буудах тушаал өгсөн хэмээжээ. Тэрбээр "тэдэнд дургүй" мөн "архины халуунд" ийм үйлдэл гаргасан хэмээсэн аж.

 

Харин Винивитин өөрөө хийсэн дүрс бичлэгт тэрбээр Бахмутын чиглэлд байршил эзлэж байсан 72 дугаар бригадыг командалж байсан гэдэгэ батлаад, хэсгээ эргэж тойрч байх үед нь түүнийг олзолсон хэмээжээ. Түүний өгүүлснээр, Вагнерын хөлсний цэргүүд түүний замыг хаасан нь " хуульзүйн болон бусад үндэслэлгүй" үйлдэл байсан гэнэ. 

 

"Би офицер хүний хувьд үүнийг тэсэхийг хүсээгүй" гээд гагцхүү шууд удирдлагадаа л захирагдана хэмээн онцолсон байна. "Дараа нь тэд намайг хүлж, хонгилд хорьж, ямар ч уурссан Орос цэрэг олзны Украин цэргийг доромжлохооргүй тийм л байдлаар намайг доромжилсон. намайг зодож, унтуулахгүй, шөнө гурван удаа хонгилоос гаргаж, буудах гэж оролдсон. Энэ бүхний араас та нар намайг мөрдөн шалгахаар саатуулсан гэж хэлж байгаа юм уу? Та нарын тараасан дүрс бичлэг чинь ердөө л дарамт шахалт байсан" хэмээн дэд хурандаа дүрс бичлэгтээ өгүүлэх аж.

 

Оросын Зэвсэгт хүчний дэд хурандаа Винивитиний өгүүлснээр, вагнерчуудтай харилцах харилцаа түүний бригадыг Бахмутын чиглэлд байршуулснаар эхлээд л зөрчилдсөн гэнэ. Энэ нь зүгээр ч нэг сөргөлдөөнд өдөөн хатгасан үйлдлээс болоогүй, вагнерчууд байнга л Оросын цэргүүдийг "ална", "устгана" хэмээн заналхийлж байсантай холбоотой аж.

 

"Манай цэргүүдийг барьцаалж, тэдэнд биеийн хүчирхийлэл, нэр хүндийг нь доромжилсон үйлдэл гаргаж байсан. Тухайлбал, манай батальоны нэг ахлагчийг вагнерчууд баривчилж байсан. Түүнийг тамлан зовоож, хонгилын хүйтэн шалан дээр нүцгэн байлгаж байсан. Нүд рүү хүчил, химийн бодис цацаж байсны улмаас тэр хэсэг хугацаанд хараагүй болсон. Бие дээр нь бензин асгаж, асаагуур ойртуулан, шатаахыг оролдож байсан" хэмээн Винивитин өгүүлжээ.

 

Түүнчлэн тэрбээр вагнерчуудын замыг минижүүлж байсан гэсэн Вагнер компанийн мэдэгдлийг няцааж, Пригожин улс төрийн пиар хийж, Вагнерыг цорын ганц үр дүнтэй ажиллаж байгаа бүтэц гэж таниулахаар хичээж байна хэмээн буруутгасан байна. Пригожин Винивитиний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Винивитин вагнерчуудад баривчлагдсан гэх мэдээлэл зургадугаар сарын дөрөвний өдөр гарсан бөгөөд хэд хоногийн дараа түүнийг суллажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмээ:
Хүний мууд дуртай манай хоцрогдсон монгол сэтгэхүй хэзээ арилах бол,
2023-06-10
Одоо хоорондоо алалцаад улсаа задал. Буриад, Тува салж чадахгүй л дээ, Москвагаас татаас авч амьдардаг юм чинь
2023-06-09