УИХ-ын гишүүдээс гай болохгүй байхыг хүсье!

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын ерөнхий хуульд Англи хэлийг үндсэн гадаад хэлээр сонгож хуульчлах заалт бий. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн сурагчид монгол хэлний дараа англи хэлийг зайлшгүй сурна. Бусад хэлийг сонгон суралцах боломжтой. Гэхдээ энэ хуульд англи хэлийг хэддүгээр ангиас эхлэн суралцах тухай заагаагүй, зөвхөн нэн тэргүүнд, заавал суралцах хэлээр хуульчлахаар тусгаад буй.
Харин энэ заалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд унгаасан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гэхэд “англи хэлийг Монгол Улсын тусгаар тогтнолд гай болно” гэж үзсэн бол Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал “Багшлах боловсон хүчин байхгүй” гэх шалтиг тооцсон байхад УИХ-ын гишүүн Э.Батшугар “хуульчлах шаардлагагүй асуудал” гэх байр суурийг илэрхийлж, хуулиас энэ заалтыг унагаад байна.
Монгол Улсын бүх хүүхэд ижил гараанаас тэгш боломжийг хүртэх эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ. УИХ-ын гишүүд хэлж ярьдаг шигээ ард түмнийг, Монголын ирээдүйг боддог бол чуулганы нэгдсэн хуралдаанаар “англи хэлийг үндсэн гадаад хэл болгох” хуулийн заалтыг босгох боломжтой. Ингэснээр хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан анхны хувилбар буюу англи хэлийг бага ангиас эхлэн үзэх заалт хэвээр үлдэнэ.
Баян, ядуу айлд төрснөөс үл хамаараад хүүхэд бүр тэгш эрхтэй байх ёстой. Баян тансаг айлд төрсөн хүүхэд нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэл үзэж, ядуу тарчиг нь тавдугаар ангиасаа гэж ялгаварлах нь хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тэд эцэг, эхээ сонгож төрөөгүй. Эцэг эх бүхэн хүүхдээ өндөр боловсролтой болгохыг хүсдэг, чанартай сургалттай сургуульд явуулахыг мөрөөддөг. Гэхдээ Монголын боломж юусан билээ, иргэдийн цалин хэдсэн билээ.
Байгалийн баялаг, төрийн боломжийг иргэн бүр тэгш хүртдэг байсан бол энэ цаг үед бид англи хэл хэрэгтэй, хэрэггүй, хуульчилна, хуульчлахгүй гэж маргахгүй байх байлаа.
Иргэдийг ядуу зүдүү байлгахыг хүсдэг, саналыг нь хэдхэн цаасаар худалдан авахыг мөрөөддөг улстөрчдийн балгаар бид хүүхдэдээ чанартай боловсрол олгож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Харин одоо гай болохгүй байхыг УИХ-ын гишүүдээс хүсье!
Ер нь тэгээд ЕБС-ийн сурагчид англи хэл сурлаа гээд алдагддаг, сүйрдэг тусгаар тогтнол гэж юусан билээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ