Өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
2012-01-26

  “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй өрхийг хөгжүүлэхэд шууд болон шууд бусаар чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн оролцоотой шат дараалсан уулзалтуудыг НХХЯ-аас зохион байгуулж байгаа билээ. Үүний хүрээнд салбарын яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын төлөөллийг оролцуулсан уулзалтыг хийлээ. Уулзалтаар “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын Үндэсний хорооны дэд дарга НХХ-ийн сайд Т.Ганди өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбаруудын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг сайжруулах, өрх гэр бүлд чиглэсэн бодлогыг оновчтой болгох, өрх гэр бүлд чиглэсэн дэд бүтэц, тухайн өрхийн хүн амын бүтцийг нарийвчлан гаргах, хүн амын болон хөгжлийн бодлогыг уялдуулах, мэдээллийг нэгтгэх зэргээр салбар тус бүр өөрсдийн хамаарах асуудлын хүрээнд хийх ажлын саналаа бодитой гаргаж, жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгах саналаа гаргаж шуурхай ажиллах талаар яамд тус бүрт үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, өрхийн амьжиргааг бүх шатанд дэмжиж, өрхийн өөрсдийнх нь оролцоо, санаачлага дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд мөн сэтгэлзүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт  нийгэмшүүлэх үйлчилгээний багц үйлчилгээгээр дамжуулан амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Энэ жилийн ажлыг салбар тус бүр анхаарч, өрхийн амьжиргааг хэрхэн яаж дээшилснээр дүгнэх тул хариуцлагатай, санаачлагатай ажиллаж, явуулж буй үйл ажиллагаа, мэдээлэл, судалгаа, сурталчилгааны ажил олон нийтэд мэдэгдэхүйц, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлага, өрхийн ахуй амьдрал хэрхэн сайжирч байгаа талаар зорилтот цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Shuud.mn
Сонин хачин