Өнөөдөр Моцартын мэндэлсний 256 жилийн ой
2012-01-27

Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 256 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ. Түүний ер бусын авьяасаар тэтгэгдэн зогсолтгүй ундран оргилсон бүтээл нь өдгөө хүн төрөлхтөний урлагийн нандин өв болж үлджээ. Бурхан түүнд ердөө л 36 нас хайрласан хэдий ч тэрбээр үүнийгээ мэдсэн мэт зургаахан настайгаасаа эхлэн суут бүтээлүүдээ туурвиж эхэлсэн гэдэг. Моцарт 50 орчим симфони, 19 дуурь,сонатууд, цөөхүүл, дөрвөл, /квартет, квинтет/ реквием болон бусад олон төрлөөр хөгжмийн зохиол бичсэн байдаг. Фигарогийн хурим,Дон Жуан, Шидэт лимбэ зэрэг дууриуд нь уран сайхны асар их үнэ цэнэтэй бүтээлүүд болж гурван зууны туршид хувиршгүй амжилтыг дагуулсаар байна. Өнөө үед Моцартын хөгжим, концертууд улс бүхний дуурийн театрын тайзнаа эгшиглэсээр байна. Моцартын зохиол бүтээлүүд хөгжмийн тусгай сургалттай мэргэжлийн дунд болон дээд сургуулиудын хөтөлбөр, олон улсын уралдаан тэмцээнд хүндтэй байр эзэлсээр ирсэн. Моцартын тухай бичсэн олон ном өгүүллэг нийтлэлүүдэд гүн гүнзгий яруу тансаг, хөгжмийнх нь мөн чанар, ер бусын авъяас, нөр их хөдөлмөрч зан чанар, туулж өнгөрүүлсэн гашуун зовлонт амьдралынх нь тухай өгүүлэн хойч үеийнхэнд үлгэр дууриал болгосоор байгаа билээ.  
Shuud.mn
Сонин хачин