Ирээдүйг “баллуурдах” сонголтоос татгалзъя
2012-02-07

Төрүүлсэн үрээ “гажигтай”  төрсөнд цочирдсон эх төрөх эмнэлгийн өрөөнд хүүхдээ орхиод зугтаасан тухай мэдээллийг саяхан сонслоо. Зарааны зулзага ч ээждээ өргөсгүй харагддаг гэгчээр хүний үр хүүхэд гэдэг хамгийн эрхэм нандин зүйл баймаар. Тиймдээ ч хүний амьдралын баяр баясгалан бол  “үр хүүхэд”.  Үр хүүхэд гэдэг таны энэ орчлонд амьдарч байсны баталгаа болж, амьдралын тань үргэлжлэл болон удам залган үеэс үед үргэлжилсээр л  яваа. Гэвч амьдрал гэдэг хүн бүрт хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх, энэ орчлонд мөртэй явсныг нь батлах “нойтон сормуустай” үр хүүхэд заяадаггүй, хяслантай хорвоо. Насаараа залуу байх юм шиг хэнэггүй явсаар, өтлөхийн цагт хөлөө хучуулах үр хүүхэдгүйдээ харамсаад ч барахгүй, өдөр хоногийг өнгөрүүлэн зутруухан амьдарч байгаа нэгэн та бидний дунд алхалж л яваа. Төрсөн үр хүүхдээсээ татгалзаад өөр хүнтэй дэр нийлүүлсэн ч, үрийн заяа нь гомдож, дахин хүүхэдтэй болоогүй нэгэн ч бий. Хос хоёр зүрх сэтгэл, нэгэн биеэрээ нэгдээд ч үр хүүхэд заяахгүй, арга ядаад харь нутагт үр шилжүүлэн суулгах оролдлого нь бүтэмжгүй, “хүний” хүүхэд өргөж аваад амьдарч байгаа хүмүүс ч олон. Хүсээгүй цагт хэвлийдээ хүүхэд тээсэндээ балмагдаж, шаналж, бодлогогүй алхам хийн үр хөндүүлснээс ахин хэзээ ч “ээжээ” гэж дуудуулах тавилангүй хоцорсон эмэгтэйчүүд ч олон. Тиймдээ ч, амьдралын утга учир болсон үр хүүхэдгүй энэ насыг туулж яваа ганц бие, харж хандах хүнгүй “гоонь” хүмүүсийн тухай баримтыг тоочоод ч барамгүй. Хүсээгүй хүүхдээсээ татгалзсан эмэгтэйчүүдийн цуваа улсын болон хувийн эмнэлгүүдийн босгыг элээх болоод 20-иод жил өнгөрчээ. Энэ бол тэдний хүн төрөлхтөний эсрэг хийж буй “чимээгүй аллага”. Учир нь тэр эмэгтэйгээс төрөх байсан “азгүй” үр магадгүй эмээ өвөө, өвөг дээдсийн тань эргэн төрөх цорын ганц боломж ч байсан юм билүү. Гэвч энэ асуудал “чимээгүй аллага”-ыг сонголтоо болгосон тэдгээр эмэгтэйчүүдийн ганцаараа хүлээх хариуцлага биш. Түүнийг хайрлаж энхрийлж, “үр”-ээ үлдээсэн эрчүүдийн хүлээх хариуцлага хэдий ч хэвлийгээ “төнхүүлж” гол тасрам өвдөлт мэдэрдэг нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг нь  даанч харамсалтай. Захын нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиход өдөрт үзүүлэх нийт эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь “үр хөндүүлэх”-ээр тэнд ирдэг гэдгийг эмч батлаад өгнө. Тухайн эмч өөрийн хүлээсэн үүрэг ёсоор “үр хөндөлт” хийх сонголтын сөрөг талыг удтал тайлбарлаж, тээж буй хүүхдээ төрүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Гэвч хосоороо очсон залуус “Хүүхэдтэй болоход хэтэрхий залуу байна. Хүүхдээ өсгөж чадахгүй, амьдрал хөл дээрээ тогтоогүй” гэнэ. Харин ганцаараа очсон зарим нэг эмэгтэй нь “Олон хүүхэдтэй одоо дахиж хүүхэд нэмж өсгөх чадалгүй. Эцэг нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна, тэр намайг хаячихсан. Найзуудтайгаа наргиж яваад нэг залуутай “унтчихсан юм”, тэр эцэг болж чадахгүй. Нөхөр маань архичин, хүүхдээ өсгөх боломжгүй” гээд л түмэн шалтгаан тоочдог гэх вий. Энд тухайн эмнэлгийн “үр хөндөлт” хийх эрх авсан эсэх нь хэн хэнд нь огтхон ч хамаагүй, харилцан тохиролцох хэрэгцээ шаардлагын дагуу асуудлыг шийднэ. Тэдний энэхүү “нууц хуйвалдааны ханш”  40.0- 200.0 мянган төгрөг. Хувийн эмнэлгийн хувьд тухайн эмч өөрөө, улсын эмнэлгийн эмч нар дарааллын дагуу “ээлжит”дуудлагад хэзээд бэлэн. Тун удахгүй буюу ердөө  таван минут ч хүрэхгүй хугацаанд тэдний энэхүү “чимээгүй аллага” эмэгтэйчүүдийн өндөр орон дээр үргэлжилдэг. Эмч “За болчихлоо. Тэр орон дээр жаахан хэвтэж байгаад гараарай. Гэртээ очоод мөөгтэй шөл, юмдүүжин буцалгаж уугаарай, энэ хэдэн антибиотекийг уувал үрэвслээс сэргийлнэ. Хүндрэл үүсвэл энэ дугаараар эргэн холбогдоорой” хэмээн жор бичсэн цаас, утасны дугаарын хамт түүнд өгдөг. Магадгүй энэхүү бичиж байгаа минь хэн нэгэнд хэдийн танил зүйл, нөгөөд нь аймшигтай, зарим хүмүүст нь байж болшгүй мэт санагдах л байх. Гэвч таны эхнэр, найз бүсгүй, охин, хэн ч байлаа “үр хөндүүлэх” гэдгийг биеэрээ мэдэрч үзээгүй нэгэн ховорхон л таарах вий. Хүсээгүй хүүхдээ “тавхан хором”-д хаана ч хэзээ ч төрөхөөргүй болгон асуудлыг шийдэх нэгэн байхад тээж төрүүлээд нохойноос дор хээр, гадаа орхидог зарим нь ч байх юм. Ямар сайндаа л хогийн цэгээс нялх хүүхдийн цогцос олдлоо, зочид буудлын өрөөний орон доороос гурван сартай хүүхдийн  цогцос олдлоо гэх мэт сэтгэл сэртхийлгэж, зүрх базлуулам аймшигт мэдээлэл цацагдаж байхав. Магадгүй тэр эмэгтэй амьдралын олон хэцүү асуудалтай, түүнийгээ шийдэж чадахгүйдээ, зөвхөн өөрөөсөө холдуулах л гэсэн “богинохон”  бодолдоо автсан байх. Гэвч үр хүүхдээ хог шиг хаядаг тэдгээр эмэгтэйчүүд “чимээгүй аллага” үйлдэгчдээс ч аймшигтай хүн дүрст “араатан”  гэж нэрлэхээс өөрөөр зөвтгөж хэлэх нэг үг ч олдохгүй нь. Хүүхэд гэдэг таны мах цусны тасархай болохоос арчаад хаячихдаг “амны цаас” биш байлтай. Энэ бол өнөөдөр, бидний хэнд ч тохиолдох амьдралын бодит үнэн түүх. Энд ямар нэгэн албан ёсны статистик тоо баримт, хэн нэгний нэр ус хаяг, элдэв “ноцтой” асуудлыг бичихийг хүссэнгүй. Учир нь энэ амьдрал гэгч агуу ертөнцийн эзэн нь зөвхөн бичсэнийг минь уншиж буй та. Амьдрал хэцүү байна, үр хүүхэд тээж төрүүлэх өсгөх чадалгүй, надад хамаагүй  хэмээн өөртөө итгэлгүй, хэнэггүй хандах ч хэрэггүй. Яагаад гэвэл та энэ орчлонд амьдарч байгаа гэдэг чинь хамгийн чухал. Бэрхшээл бүрийн цаана “жаргалын үүд” нээгдэж байдаг юм. Тиймээс хэвлий дэх үрээсээ, хүүхдийг тээж яваа бүсгүйгээс татгалзахаа түр азнаач. Монголчууд хүүхэд гэдэг хоол хүнстэйгээ төрдөг буянтай гэж хэлдэг нь үнэн. Хамгийн гол нь үр хүүхдээ зовоохгүй байж, тэдэндээ өөрийн бэрхшээлээ “нялзаалгүй”өсгөх нь таны үүрэг. Тэд бол хамгийн ариун, юугаар ч сольшгүй эрхэм нандин эрдэнэ. Хүүхэд гэдэг ариун эрдэнийг “хог” шиг хаяж, араатан болох уу, “тавхан” хормын нүгэл үйлдэж “чимээгүй аллага” үйлдэгч гэмтэн болох уу. Сонголт зөвхөн “эрхэмсэг” ариун эмэгтэй, гүндүүгүй сайхан “монгол эр”  хүн та нарынх. Магадгүй та өнөөдөр татгалзаж болох ч өөрийнхөө, эх орныхоо ирээдүйг “баллуурдах” сонголтыг хийсэн байх вий... П.Наран
Shuud.mn
Сонин хачин
aluurchin eh:
ene unen yum bichjee,ohid busguichuud mini hevliidee urtei l bolson bol gargaj baigaarai l gej zahiy,emch nartaa ch gej bas zahiy,yu yunii turuund ooriinhoo orlogo ashigaa bodoj ter busguid avahuulahgui baih talaar zovolgoo ogohiin orond eldev hudal aimshigtai medeelel helj uree teej baigaa emegteigees alban hucheer huuhediig ni bitgii bulaaj ALAACHEE gej guiy!bi anhniihaa huuhediig aluulsanaas hoish dahij huuhed teeh tavilangui bolson emegtei 10-d jil shanalj goridoj yavna,etseg ehchuudee ooriinhoo nyalh ursiig bitgii TSAAZLAARAI................
2012-02-07
иргэн:
100% санал нэг байна. манай ерөнхий боловсролын сургуульд нөхөр үржихүй, эр эм хүмүүсийн харилцаа үр тогтох нтр ын тухай огтхон ч ордоггүй шүү дээ. гэтэл манай танилын охин солонгост 10 н жилийн сургууль төгссөн. тэр талаар бараг ээжээсээ илүү мэдлэгтэй. хичээлийнх нь программд маш дэлгэрэнгүй байдаг юм байна лээ. энэ тал боловсролын яам анхаарах цаг нь хэдийнэ болсон.
2012-02-07
эвш:
бүр багаас нь л гэр бүлийн боловсрол, төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлтээс сэгийлэх талаар гэр бүлд ч, сургуульд ч сайн ярих сурталчлах ёстой. ялангуяа дунд сургуульд,,, мэдлэг, боловсролгүйн улмаас ийм байдалд орсон, түүнээсээ болоод ийм зам сонгосон ч хүмүүс бий байх.
2012-02-07
abortiig zovshoorson suuliin 20 jild manai uls dor hayaj 800000s 1 say irgenee ustgasan tootsoo baidag.
2012-02-07